Дональд Трампын тангараг өргөх ёслолоос онцлох нь

10

Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч шөнө тангаргаа өргөж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа албан ёсоор эхлүүллээ. Тэрээр тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ АНУ-ын алтан үеийг эхлүүлж, өмнөх удирдагчийн бодлогоос үүдэлтэй доройтлоос үндэстнээ аврах болно гэдгээ амласан юм. Түүнчлэн цагаачлал, эрчим хүч, эдийн засаг зэрэг сонгуулийн кампанит ажлынхаа үеэр танилцуулж байсан сэдвүүдээ дахин онцоллоо.
"Америкийн алтан эрин үе яг одоо эхэлж байна"
“Америкийн алтан эрин үе яг одоо эхэлж байна. Энэ өдрөөс хойш манай улс цэцэглэн хөгжиж, дэлхий дахинд дахин хүндлэгдэх болно. Би Трампын засаг захиргааны өдөр бүр Америкийг нэгдүгээрт тавина” хэмээн яриагаа эхлүүлсэн юм. Трамп үндэсний аюулгүй байдал, шударга ёсыг дахин сэргээж, АНУ-ыг "бахархалт, чинээлэг, эрх чөлөөтэй" улс болгох нь түүний нэн тэргүүний зорилт байх болно гэж амлалаа.
quote photo
“Америкийн алтан эрин үе яг одоо эхэлж байна. Энэ өдрөөс хойш манай улс цэцэглэн хөгжиж, дэлхий дахинд дахин хүндлэгдэх болно. Би Трампын засаг захиргааны өдөр бүр Америкийг нэгдүгээрт тавина”
Дональд Трамп
"Энэ мөчөөс эхлэн Америкийн уналт дууслаа"
Трамп Жо Байдены засаглалыг шууд дурдаагүй ч, өмнөх удирдагчдын төр засгийг чадваргүй, авлигад автсан хэмээн шүүмжилсэн. Тэрээр хууль сахиулагчид иргэдийг хамгаалахын оронд хууль бус цагаачдыг өмгөөлсөн хэмээн буруутгасан юм. Түүнчлэн Америкийн хилээр хууль бусаар нэвтрэх бүх үйлдлийг нэн даруй зогсоож, олон сая гэмт хэрэгтнүүдийг ирсэн газар луу нь буцаах үйл ажиллагааг эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
"Америкийг дахин агуу болгохын тулд бурхан намайг аварсан"
Трамп долдугаар сарын 13-нд Пенсильвани мужийн Батлер хотод сонгуулийн сурталчилгааны арга хэмжээний үеэр халдлагад өртсөн тухайгаа товч ярьсан юм. Тэрээр ямар нэгэн шалтгаанаар өөрийнх нь амь нас аврагдсан гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Ингэхдээ “Бидний үйл хэргийг зогсоохыг хүссэн хүмүүс бидний эрх чөлөөг, миний амийг авахыг оролдсон" гэж хэлсэн юм.
Трамп тангараг өргөснийхөө дараа хийхээр төлөвлөж буй хэд хэдэн гүйцэтгэх арга хэмжээгээ танилцууллаа. Тэдгээр арга хэмжээнээс дурдвал:
  • Цагаачлалын асуудлаар Мексиктэй хиллэж байгаа өмнөд хил дээрээ үндэсний хэмжээнд онц байдал зарласан.
  • Анхны бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлж байсан "Мексикт үлдэх" бодлогыг сэргээхээ мэдэгдэв.
  • Түүний засаглалын үед холбооны Засгийн газар эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйстэй гэх байр суурь баримтална гэж мэдэгдсэн.
  • Сансрын судалгааг дэмжиж, АНУ-ын сансрын нисгэгчдийг Ангараг гараг дээр байршуулахын төлөө ажиллахаа амлав.
  • Тэрээр Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийг алан хядагчид хэмээн зарлаж, хууль бус цагаачлалыг зогсоохоо онцолсон.
  • Дотоодын газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэн, гадны улсуудад тариф тогтоох замаар АНУ-ын иргэдийг баяжуулах зорилт тавьсан. Үүний хүрээнд хоёрдугаар сарын 1-ээс Мексик, Канад улсад 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргахаа мэдэгдлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn