Дональд Трамп боол эзэмшигчдийн нэрсийг АНУ-ын цэргийн баазуудаас хасах санааг эсэргүүцжээ
Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл АНУ-д өрнөж байгаатай холбогдуулан Пентагоны удирдлага тус улсын цэргийн баазуудад өгсөн боол эзэмшигчдийн нэрсийг өөрчлөх санааг ярьж эхэлсэн юм. 1860-аад оны болж байсан Америкийн Иргэний дайнд өмнөдийн 11 мужийг багтаасан Конфедерац боолчлох ёсыг хадгалж үлдэхийн төлөө умардын мужуудын эвсэлтэй дайтаж байв. Конфедерацийн нийт 10 удирдагчийн нэрээр АНУ-ын цэргийн баазуудыг нэрлэсэн байдаг. Нэрсийг өөрчлөх асуудалд нээлттэй хандахаа Пентагоны тэргүүн Марк Эспер, зэвсэгч хүчний нарийн бичгийн дарга Райан Маккарти зэрэг албаны хүмүүс илэрхийлээд байв. Тэгвэл ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр твиттер хуудсандаа энэ санааны эсрэг байгаагаа бичжээ. “Америкийн Нэгдсэн Улс өөрийн үе үеийн баатруудыг эдгээр эрхэм нандин газруудад бэлдэж, дэлхийн хоёр дайнд ялж байсан. Тиймээс манай засаг захиргаа сүр жавхлантай, домогт цэргийн баазуудынхаа нэрийг солих талаар бодох ч хүсэлгүй байна” гэж Трамп бичсэн байна. Хэдийгээр иргэний дайнд умард мужууд ялж, боолчлолыг халсан ч өнөөдрийг хүртэл арьс өнгөний үзэл Америкийн нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа юм.
Конфедерацийн удирдагчдын нэрэмжит баазууд Виржиниагаас эхлээд Техас хүртэл иргэний дайны үеэр боолчлолыг хамгаалж байсан мужуудад оршдог. Тэдгээр мужуудын ихэнх сонгогчид Дональд Трампыг 2016 онд ерөнхийлөгч болоход хувь нэмрээ оруулсан юм. Тиймээс ирэх арваннэгдүгээр сард болох дараагийн сонгуульд сонгогчдоо алдахгүйн тулд Трамп ийм эрсдэлтэй алхам хийхгүй гэж ажиглагчид үзэж байна. Өчигдөр HBO компани видео стриминг үйлчилгээнийхээ сангаас хуучны алдартай бүтээл болох “Gone with the Wind” киног хасаж байгаагаа зарласан нь боол эзэмшигчдийг сайнаар дүрсэлсэн гэсэн үндэслэлтэй байв. Харин өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэйли Макэнани уг шийдвэрийг шүүмжлэхдээ “Бид түүхийн хуудаснаас Жорж Вашингтон, Томас Жефферсон нарын нэрийг арчих ёстой болж байна уу?” гэж хэвлэлийн хуралд оролцож байсан сэтгүүлчдээс асуужээ. Түүний нэр дурдсан хоёр эрхэм нь АНУ-ын анхны болон гурав дахь ерөнхийлөгч нар бөгөөд хоёул боолын эзэд байсан юм.
Р.Төмөр
Эх сурвалж: Reuters