Эдгээр шүүгч нар тэдгээр хэргийг шүүнэ

545
Нийслэлийн прокуро­рын газраас сар гаруйн өмнө зарим дуулиант хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэл өгч байв. Олны анхаарал татсан, бас томчуудын гэгддэг тэдгээр хэргийг харьяа шүүхүүдэд хүлээн авч, нэр бүхий шүүгчдэд хуваарилжээ. Шүүгч нар хавтаст хэрэгтэй танилцаж, зарим хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлээд байна.
Гэхдээ шүүх байгуул­лага анхаарал татсан хэр­гүү­дийн дийлэнхийг сон­гуу­лийн өмнө лав шийдэж чадахгүй бололтой. Учир нь "COVID-19" цар тах­лын улмаас шүүхийн үйл ажил­лагаанд ямар нэг хэмжээгээр нөлөөлж буйг үгүйсгэхгүй юм. Мөн зарим нэр бүхий хэргийн шийдвэрлэлтэд улс төрийн нөлөөлөл, яриа тохироо орж байна гэх мэдээлэл байгаа юм.
Сүхбаатар дүүргийн шүүх “Эрдэнэт”-ийн 49 хувь, М.Энхсайханы хэргийг шийднэ
“Эрдэнэт”-ийн 49 хувийн гэгддэг Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганбат, Н.Золжаргал, Д.Эрдэнэбилэг, О.Орхон, М.Мөнхбаатар, Ц.Пүрэв­түвшин, Э.Шижир нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг нэлээд хугацаанд шалгасны эцэст 150 орчим хавтаст хэргийн материал бүрдүүлсэн байна.
Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” компани, Худалдаа хөгжлийн банкны удирдлага болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг,  “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир, Зам, тээврийн хөгжлийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарыг уг хэрэгт эрх мэдэл албан тушаалаа урвуу­лан ашиглаж, хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.
Энэ хэрэгт хяналтын прокурор Д.Мөнх-Эрдэнэ, Т.Оргил-Очир нар хяналт тавьж буй аж. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн уг хэргийг шүүхээр хавтаст хэрэгтэй танилцаж байгаа юм байна.
Мөн Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа “Тавантолгой цахилгаан станц”-ын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, “Тавантолгой” төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барьж, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн гэх хэргийг 2020 оны  хоёрдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Энэ хэрэгт улсын яллагч Г.Батбаяр хяналт тавьж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар шүүж буй юм. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлсэн. Энэ сарын 23-нд шүүх хурлыг хийхээр товложээ.
С.Баяр, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Н.Золжаргал нарын хавтаст хэрэгтэй Чингэлтэй дүүргийн шүүгч нар танилцаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын найман хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
С.Баяр, С.Баярцогт нарын хэрэгт улсын яллагч Н.Энэрэл, Н.Ням-Очир, Ц.Сүхбат нар хяналт тавин ажиллаж байгаа аж. Харин уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан шийдвэрлэнэ.
Э.Бат-Үүл, А.Гантулга, Б.Мөнхтөр, П.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргал­сайхан, Д.Оюунжаргал, Т.Гэрэлт-Од нарт Эрүүгийн хуулийн 150.2,  265.2, 268.2, 148.2, 263.2, 22.1.2, 17.4.1, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун шүүнэ. Харин улсын яллагчаар Т.Оргил-Очир, А.Золзаяа нар оролцох ажээ.
Монголбанкны ерөн­хий­лөгчөөр ажиллаж байх­даа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиг­лаж Монголбанкинд их хэм­жээний хохирол учруулсан гэх Н.Золжаргалын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Н.Золжаргалын хэрэгт улсын яллагч Ц.Сүхбат, Б.Мөнх-Од нар хяналт тавьж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар шүүн таслах юм байна.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn