Ховд аймагт хэрцгийгээр хүний амь хөнөөсөн этгээдүүдийн хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас 2018 онд үйлдэгдэн 5 хүнд холбогдох хүн амины хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Хэргийг товч дурдвал: Иргэн С нар нь Ховд аймгийн Булган суманд хууль бусаар ашигт малтмал эрж хайх, олборлох зорилгоор 2018 оны 3 дугаар сард очиж, нийтийн хэв журмыг зөрчиж, бүлэглэн бусдад хүч хэрэглэн эд хөрөнгийг нь устгаж гэмтээн, онц харгис хэрцгийгээр 1 хүний амь насыг хохироож, 3 хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Уг хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс шалган, мөн сум дахь сум дундын прокурорын газраас хяналт тавьж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баян-Өлгий аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч С-ийг бусдыг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эрүүл мэндэд хүнд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож 19 жилийн хорих ял оногдуулан, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, мөн шүүгдэгч С, Б, М, П нарыг нийтийн хэв журмыг зөрчиж, бүлэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдад халдсан, эд хөрөнгө устгаж гэмтээсэн гэм буруутайд тооцож 2-3 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ
СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР