Шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийж байна
Ховд аймгийн ОБГ, МХГ, Цагдаагийн газар хамтран дөрөвдүгээр сарын 10-30-ны өдөр Шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтад Жаргалант, Буянт, Мянгад, Булган, Ховд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд хамрагдаж буй.
Энэ үеэр шатахуун түгээх станцын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, стандартын хэрэгжилтийг шалгаж, заавар зөвлөгөө өгч байна.
Ховд аймгийн хэмжээнд 18 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар 14 шатахуун түгээх станцын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 145 зөрчил илрүүлсэн. Үүнээс 61 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Мөн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 26, мэдэгдэл 2 удаа хүргүүлэн ажиллаж байна гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Н.Лхагва