Хэлмэгдэгчийн гэр бүлд нөхөх олговрын батламж гардуулав
Ховд аймгийн удирдлагууд дөрөвдүгээр сарын 23-нд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн гэр бүлд нөхөх олговрын батламж гардуулсан байна. Тодруулбал, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасны дагуу Ховд сумын өндөр настан Тохайн Хабдыл, Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн Рэнцэнгийн Сандуйжав нарт 40 ба 80 сая төгрөгийн нөхөх олговрын батламж хүлээлгэн өгчээ.
Монгол Улсын хэмжээнд 794 иргэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөх олговор олгох шийдвэр гарсан. Үүний 20 гаруй нь Ховд аймгийн харъяат иргэн аж. Одоогийн байдлаар Ховд аймгийн харьяат 18 иргэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст нөхөх олговор авах хүсэлт хүргүүлсэн байна гэж аймгийн ИТХ-аас мэдээллээ.
Н.Лхагва