200 гаруй жилийн түүхтэй Цуур хөгжим

767

Ховд аймгийн Музейн үзмэрийн танхимд 70 см урттай, хулс модоор хийсэн цуур хөгжим хадгалагдаж байна. Энэхүү хулсан цуур хөгжмийг БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Ээвэн голын эрэг дээр Н.Тавьтай гэдэг хүн үлээж байсан гэнэ. Уг цуур хөгжим нь он цагийн хувьд 200 гаруй жилийн түүхтэй гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тус хөгжмийг туульч, цуурч Э.Баатаржав 2010 онд аймгийн Музейд өгснөөр олон нийтийн хүртээл болжээ.
Цуур бол баруун Монголын олон угсаатны  давтагдашгүй соёлын өвийг өнөөг хүртэл тээж ирсэн хөгжмийн зэмсэг юм.
Цуур хөгжмийг тоглохдоо нэг үзүүрийг шүдээр тулан үлээж, исгэрэх авиа гаргахын сацуу хоолойн шахалтаар хөөмийлэх мэт дэвсгэрлэсэн нь өнгө давхар эгшиглүүлдэг өвөрмөц содон.
Алтайн урианхайчууд цуур хөгжмийг түгээмэл хэрэглэж байсан түүхтэй. Тэд цуурын аялгуугаар дамжуулан уулын оройн салхи, шуурганы исгэрээ, өвс ургамал, усны шуугих дуу чимээ, морь, тэмээний явдлыг илэрхийлж тоглодог.
Тухайлбал, ”Алтайн магтаал”, ”Арын алтан ус”, ”Өрөөлтэй шарга”, ”Жалам хар морь” зэрэг ардын дундаас үүссэн олон аялгууг тоглосоор иржээ. Алтайн урианхайчууд жил бүрийн шинийн нэгнээс гуравныг дуустал цуур үлээж, ирэх жилийн гай гарзыг хөөдөг заншилтай байсан гэнэ. 
Цуур хөгжмийн уламжлалт урлаг нь Монгол Улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй зэрэглэлд багтдаг. 2009 онд ЮНЕСКО-гоос Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн жагсаалтад бүртгэгджээ.  
13 үе дамжсан товшуур хөгжим
Ховд аймгийн Музейд 18-р зууны үед хэрэглэж байсан, 13 үе дамжсан модон товшуур хөгжим хадгалагдаж байна.
Энэ хөгжмийг Ховд аймгийн Дуут сумын харьяат, Урианхай алдарт туульч З.Рэнцэн хэрэглэж байжээ.
Товшуур хөгжмийг харгай модоор хийж, ямааны илгээр бүрэн, морины сүүлний 4-5 ширхэг хялгасыг эрчлэн утсыг нь хийдэг байна. Товшуур хөгжимд ямар ч хөг аялгууг оруулж болно. Алтайн урианхай, баяд торгууд, захчин, дөрвөд угсаатнууд ихэвчлэн товшуур хөгжим хэрэглэдэг.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn