Услалтын системийг дахин ажиллуулахаар болов

559
Сүүлийн жилүүдэд Ховд аймгийн төв Жаргалант суманд ногоон байгууламжийн усалгааны асуудал тулгамдаж буй.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Галбадрах услалтын систем барьж байгуулах ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн. Улмаар аймгийн төвийн гэр хорооллын айл өрхүүд хашаандаа хүнсний ногоо, мод, цэцэг тарих боломж бүрдэж байсан гэх дурсамж бий.
Харин сүүлийн жилүүдэд Хот тохижилтын газраас усалгааны машин ашиглан мод, зүлэг, цэцгийн мандал усалж, арчилж байгаа боловч үр дүн тааруу байгаа аж. Мөн айл өрхүүд хашаандаа ая тухтай амьдрах, хүнсний ногоо тарих, ногоон байгууламж бий болгоход усалгааны систем зайлшгүй шаардлагатай байгаа гэнэ.
Үүнтэй холбогдуулан хуучин услалтын системийг сэргээн ашиглалтад оруулах ажлыг Жаргалант сумаас санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.
Бугат үзүүр гэх газраас хүүхдийн парк хүртэл зайд хуучин услалтын системийн 54 хаалт бий. 23 жилийн турш ажиллагаагүй байсан тус  услалтын системийн шугам /турбо/-ны  70-90 хувьд нь лаг шавар тунаж үлдсэнээс бөглөрөл үүсчээ.
Одоогийн байдлаар эхний  970  метр газарт шавар цэвэрлэх,  шугам /турбо/ сөхөж гагнах ажил хийсэн. Мөн 500 метр турбоны дотор талыг бүрэн цэвэрлэж дууссан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Одоогоор бусад турбонуудын цэвэрлэгээний ажил үргэлжилж байна. Тус ажлыг “Оргил металл” ХХК-ийн 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг гүйцэтгэж буй.
Цаашид аймаг орон нутгаас санхүүгийн асуудал шийдвэрлэсэн тохиолдолд  хүүхдийн парк орчим 1.4 км газарт  услалтын систем байгуулах ажлыг эхлүүлнэ.
Ингэснээр Жаргалант сумын Тахилт, Алагтолгой, Баатархайрхан, Хайрхан, Бугат гэсэн гэр хорооллын бүсийн таван багийн нутаг дэвсгэрт услалтын системийг ашиглалтад оруулах боломж бүрдүүлнэ. Дээрх ажлыг гэрээний дагуу компаниудаар хийлгэх бөгөөд зарцуулах нийт төсөв нь 40 гаруй сая төгрөг гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn