Ургамлын дундаж өндөр 1-2 см байна
Ховд аймгийн нийт сумын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал буюу хялгана, хазаар, агь, шарилж цухуйлт жигдэрсэн байдалтай байна. Ургамлын дундаж өндөр 1-2 см, ургалтын байдал ихэнх нутгаар муу гэсэн үнэлгээтэй байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Сүүлийн үед хөрсний чийг бага, халуун хуурай салхитай, хөрсөн дээр 40 градусаас дээш хэмтэй олон хоног үргэлжилсэн. Энэ нь ургамлын ургалтад таагүй нөлөөлж, ургалт удаашралтай байна. Түүнчлэн Манхан, Мөнххайрхан, Мөст, Дуут, Цэцэг сумын нутгаар ургамал цухуйгаагүй байгаа аж. Нийт нутгаар агаарын харьцангуй чийгийн дундаж 15-38 хувь, хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Тиймээс нийт иргэд гал түймрийн аюулаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөв.
Н.Лхагва