Хүүхдүүд Буянт голоо хамгаалах аянд оролцлоо

596

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон талт үйл ажиллагааг өрнүүлж байна.
Тодруулбал, “Буянт голоо хамгаалах аян”-ы хүрээнд хүүхдийн экологийн боловсролыг дэмжих замаар байгаль орчноо хамгаалах ажлыг сурагчид, Ховд телевиз, Ховдын мэдээ сонинтой хамтран гүйцэтгэв.
Тус аянд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Цаст Алтай, Прогресс сургуулийн 7-12 дугаар ангийн 10 гаруй хүүхэд сайн дураараа нэгджээ.
Ингээд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр эдгээр хүүхдүүд Буянт гол дагуу ажиллаж зүлгэн дээр машинаа тавьсан жолооч нарт зөрчлийн тухай хууль танилцууллаа.
Мөн жолооч нар зориулалтын зогсоолтой газар машинаа тавьж зүлэг ногоо, хөрсийгхайрлан хамгаалах талаар санал бодлоо нээлттэй илэрхийлсэн юм.
Бас аялал зугаалгаар явж байгаа хүмүүст хог хаягдлыг зориулалтын саванд хийх, томчууд хүүхэддээ зөв үлгэр дууриал үзүүлэх, хогийн савыг голын уснаас зайтай байршуулах, архины шил хаяхгүй байх талаар зөвлөмж өгөв.
Түүнчлэн Буянт гол дагуу хог хаягдлыг сайн дураараа цэвэрлэхэд оролцсон юм. Ийнхүү Буянт голоо хайрлан хамгаалахад хүүхдийн оролцоо маш чухал.
Энэ үеэр Прогресс сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Энхжин: “Манайх Буянт гол дагуу зусланд гардаг. Гэр бүлээрээ цэвэр агаарт тав тухтай байдаг. Ажиглахад, зарим эмэгтэйчүүд голын усанд хүүхдүүд сэлж байх үед олон төрлийн химийн бодистой аяга,т аваг угаагч ашиглана. Түүнийгээ голын усруу асгадаг. Энэ буруу гэж би бодож байна гэв.
Харин Цаст Алтай сургуулийн 5 дугаар ангийн сурагч Г.Уянга: “Хүүхдүүд голын усанд орж тоглох дуртай. Харин голын  усан дотор архины шил маш их байдаг. Архины шилийг хагалж ус руу шиддэг үйлдэл нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой. Би нэг удаа гол дээр тоглож байгаад шил гишгэж хөлөө гэмтээж, оёдол тавиулж байсан. Иймд томчууд хүүхдүүд биднийг эрүүл, аюулгүй орчинд амьдрахад анхаарч байгаасай” гэж ярив.
Цаст Алтай сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Оргилуун: “Зусланд хүүхдүүд тоглох талбай байдаггүй. Хэрвээ хүүхдэд зориулсан сагс, хөл бөмбөгийн талбай байдаг бол бид хоорондоо дотно нөхөрлөж, Буянт голоо хамгаалах, ус, хөрс бохирдуулахгүй байх талаар ярилцах боломж илүү олдоно” хэмээн ярилаа.
Үүнээс гадна зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан  иргэд гэр бүл, найз нөхөдтэйгөө Буянт гол дагуу амарч зугаалах нь нэмэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан иргэд хүүхэд багачуудын дэргэд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх, маргаан үүсгэх, голын усанд хувцас, эд зүйл, машин угаах, ил задгай хог хаях зэрэг байгаль орчноо бохирдуулах асуудал нэлээд гарч буй.
Хүүхэд багачуудад байгаль орчноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх, хууль бус үйл ажиллагааны талаар мэргэжлийн байгууллагад мэдээлэх нь иргэн бүрийн үүрэг юм. Тиймээс сүүлийн үед Буянт голоо хамгаалах ажилд талуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна гэж албаны эх сурвалж онцоллоо.
Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт орших Буянт голын дагуу 1200 гаруй айл өрх зусланд гардаг. Ер нь хүүхдийн оролцоотой голоо хамгаалах ажлыг нэг жилийн өмнө эхлүүлсэн байдаг.
Ингэснээр байгаль орчинд ээлтэй жишиг тогтоох, голын усанд машин техник, хивс угаадаг буруу зуршлыг арилгах, хөрсний бохирдлыг багасгахад хүүхдүүд сайн дураараа оролцох замаар гол усыг хайрлан хамгаалах зан үйлд суралцаж байгаа аж. 




Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn