Махны нөөц бүрдүүлэхэд орон нутгийн үйлдвэртэй хамтран ажиллана
Ховд аймгийн Засаг даргын зөвлөл энэ сарын 15-нд хуралдав. Хурлаар агаар орчны бохирдлыг бууруулахад шаардлагатай зардлын задаргаа, тоо хэмжээ, хивгэн тэжээлийн нөөц бүрдүүлэх тухай зэрэг гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
Тодруулбал, 12 дугаар сарын 03-нд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2021 оны төсөв хэлэлцэн баталсан. Энэ үеэр коронавирусний халдварын тархалтын улмаас хорио тогтоох, хүнсний хомсдол үүсэж болзошгүй тул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мах, гурил, будаа, элсэн чихэр зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилго бүхий тодорхой хэмжээний төсөв буюу 457.3 сая төгрөг баталсан. Тэгвэл үүнийг үр ашигтай зарцуулах, нөөц бүрдүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах тухай асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
Нийт 40 тн мах, 90 гаруй тн гурил /дээд болон 1, 2 дугаар гурил/, 20 тн цагаан будаа, 2.5 тн элсэн чихэр, 2400 литр ургамлын тос бэлтгэн нөөцлөхөөр төлөвлөжээ.
Хүнсний бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотоос үйлдвэрийн үнээр худалдан авах ба тээврийн хөлсийг нэмж тооцно.
Харин махны нөөц бүрдүүлэхдээ орон нутгийн мах бэлтгэлийн үйлдвэр, компанитай хамтран ажиллах шйидвэр гаргалаа. Ингэхдээ хямд үнэ, чанарын шаардлагад онцгой анхаарч ажиллах юм.