Ховд: Хүчтэй шуурганы улмаас 32 автомашины шил хагарч, байшингуудын дээвэр хууларчээ
Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт энэ сарын 26-ны өдөр 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нурж, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын 5 ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн. Мөн 32 автомашины шил хагарсан тухай мэдээллийг өчигдөр /2021.03.28/ 21:02 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоон ажилласан байна. Цахилгаан дамжуулах 5 ширхэг тулгуур баганыг сэргээн засварлах ажил 80 хувьтай явагдаж байгаа юм байна.