Ховд аймагт нэр дэвшиж буй хөрөнгөтнүүд

20
УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог буюу Ховд нутагт нэр дэвшигчдийг танилцуулъя. 2020 оны сонгуульд Ховд нутагт мөн л хөрөнгөтнүүдийн тулаан болох нь 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийнх 45 сая төгрөгийн үнэлгээтэй малтай
Б.Пүрэвдорж гишүүний хөгөө чирч яваа бичлэг цахим орчинд тархсан . Тойрогтоо уулзалт хийх үеэрээ хэтэрхий хэлбэрдэж, тайзнаас бараг “хөөгдөж” буусан бичлэг түүний өнгөрсөн дөрвө жилийн үнэлгээ болж багааг хэлэх хүн олон байна. 
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн “Аймаг хөгжүүлэх сан”-аас “Мах боловсруулах үйлдвэр” барих нэрийдлээр 350.0 сая төгрөг авсан, үйлдвэр бариагүй нэрийдлээр хэл аанд өртөж байсан нэгэн бол Б.Пүрэвдорж. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн ойрын хүн хэмээгдэж явсан тэрбээр энэ удаад дахин Ховд нутагт нэр дэвшихээр болсон байна. Түүний хувьд Баруун Монгол Интернейшнл ХХК-ийг эзэмшдэг. Б.Пүрэвдоржийнх жилийн 50 гаруй сая төгрөгийн орлоготой. 210 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, 124 сая төгрөгөөр үнэлгээтэй нэг машин, 38 сая төгрөгийн үнэлгээтэй малтай, 45 сая төгрөгийн үнэлгээтэй малтай, хоёр сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн турш яг энэ байдлаар ХОМ-ээ бөгөлж байв.
Түүний хувьд өнгөрсөн жилүүдэд тойргийнхондоо гарын бэлэг тараахаас хэтрээгүй, хийсэн бүтээсэн зүйлгүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа билээ. 
Ажилгүй, орлогогүй Н.Пунцаг 
Авто тээврийн үндэсний төвийн дарга асан Н.Пунцагийн хүслийг С.Эрдэнэ дарга биелүүлжээ. Өнгөрсөн 10 гаруй жил Ховд руу гүйдэлтэй юм шиг амьдарсан түүнд арайхийн нэр дэвших эрх олдсон нь энэ. Түүний хувьд ХОМ-тээ ганц ч төгрөгийн орлого олдоггүй хэмээн мэдүүлсэн байна. Харин гэр бүлийн гишүүд нь 121 сая төгрөгийн орлоготой. Нэг орон сууц, хоёр автограж, нэг өвөлжөө хаваржааны газартай. Эдгээр нь 462 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.  250 сая төгрөгөөр үнэлэгдэх Cruiser 200 маркийн машинтай. Ганц төгрөгийн орлогогүй, гэр бүлийнхний гарыг харж амьдардаг Н.Пунцаг 377 сая төгрөгийг дансандаа байршуулжээ. Рояалдүүк ХХК, УИХ дэлгүүр ХК, Эрдэнэс тавантолгой ХК, Витннатур ХХК, Эм Ар И Си ХХК, Мон-аш ХК, Арвижих Энерги ХХК-иудаас хувь эзэмшдэг гэжээ.
Ш.Адьшаа дахиад даагаа нэхнэ 
Залхдаггүй Ш.Адьшаа. Түүний хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн ч ялагдсан. Сонгуулийн дараа сонгуулийн үеэр өрсөлдөгч намуудын нэр дэвшигчид хууль бус үйлдлүүд гаргаж байсан хэмээн мэдээлж байсан удаатай. Тэгвэл мань эр АН-д элсэж, 2014 оноос Ховдын МоАХ-г удирдах болсон. Тиймдээ ч энэ удаа АН-аас нэр дэвшиж байгаа юм. Гаалийн гэх тодотголтой мань эрийг хөрөнгөлөг нэгэн гэлцдэг. Тэгвэл тэр ХОМ-тээ жилийн 950 сая төгрөгийн орлого олдог тухайгаа мэдүүлжээ.
Гурван орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр газартай. Эдгээр нь найман тэрбум 713 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 937 сая төгрөгийн үнэлгээ бүхий Mercedes Benz G 500,  Volkswagen Passat, Toyota, Land Cruiser 200, yundai, Sonata 7 маркийн машинуудтай. 880 сая төгрөгийн хурдан удмын 55 адуутай. 200 сая төгрөгийн газартай, 890 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, нэг тэрбум 248 сая төгрөгийг дансандаа байршуулжээ. Ховд бирж ХААБ ХХК, Сити-энержи ХХК, Хүннү МН ХХК, Ачит-Арвис ХХК, Алтай эко хүнс ХХК, Ачит-эх мед ХХК, Грэйтблюмаунтайнс ХХК, Империалмаксимус корпорейшн ХХК, Ти Ти Би Эй ХХК-иуд түүний эзэмшилд бий. 
С.Бямбацогт гишүүн 30 гаруй сая төгрөгийн орлоготой ч тэрбум тэрбумаар нь бусдад зээлдэг
Ховд нутагт нэр дэвшиж буй дараагийн хөрөнгөтөн бол С.Бямбацогт. Өнгөрсөн 2018 онд тэдний гэр бүлийн орлого тэрбумаар тоологдож байв. Харин 2019 онд энэхүү орлогоо огцом бууруулж С.Бямбацогтынх гэдэг айл хагас тэрбумын орлоготой хэмээн мэдүүлжээ. Дөрвөн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай газар, нэг авто зогсоолтой. Эдгээр нь бараг хоёр тэрбум буюу нэг тэрбум 995 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 200 сая төгрөгийн газартай, 241 сая төгрөгийн үнэт эдлэлтэй С.Бямбацогт гишүүн 112 сая төгрөгийг дотоод дахь дансандаа байршуулжээ. Гишүүн болохдоо 300 сая төгрөгийн авлагатай байсан тэрбээр 4 тэрбум 529 сая төгрөгийн авлагатай болжээ. Жилийн 30 гаруйхан сая төгрөгийн орлоготой тэрбээр хаанаасаа тэр их мөнгийг гаргаж бусдад зээлдэг нь анхаарал татаж буйг хэлэхэд илүүц биз.
Ц.Цогзолмаа нэг байраа заржээ
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа өнгөрсөн 2018 оны ХОМ-тээ нэг 740 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван орон сууцтай хэмээн мэдүүлээд байв. Тэгвэл 2019 оны ХОМ-тээ 942 сая төгрөгийн үнэлгээ хоёр орон сууцтай хэмээн мэдүүлжээ. 2018 онд 100 гаруй сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан тэднийх 2019 онд 50 гаруй сая төгрөгийн орлого олжээ. 150 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz маркийн машинтай. Нэг тэрбум 750 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 90 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. 
УИХ-ын гишүүн О.Батнасан 
УИХ-ын 2016 оны сонгуулиар Ховд аймагт нэр дэвшин гарч ирсэн “сураггүй нэгэн” бол О.Батнасан. Дэвшсэн тойрогтоо битүү морь хэмээгдэж байсан түүнийг Ховд нутгийнхан төлөөллөө болгон сонгосон. Тэгвэл энэ удаад дахин Ховдод нэр дэвшиж байна. Түүний хувьд р өөрийн төрсөн дүү О.Ганбаатарын “Топкондитер” ХХК-д ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан нэгэн. Гэсэн ч У.Хүрэлсүх  түүнд дахин нэр дэвших эрх олгосон байгаа нь хачирхалтай. 
О.Батнасангийн хувьд ХОМ-тээ жилийн 30 гаруй сая төгрөгийн орлоготой, 740 сая төгрөгийн хоёр орон сууцтай. 89 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota Prado, Toyota Rav 4 маркийн хоёр машинтай. 110 үхэртэй, нэг хурдан удмын адуутай эдгээр нь 80 төгрөгийн үнэлгээтэй. 88 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, Кондитер-Улаанбаатар ХХК, Их цоохор нуур ХХК-иудаас хувь эзэмшдэг.  

О.Онон
Эх сурвалж: Olloo.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn