Дарви сум 433 малчин өрхтэй

627

Мөнх цаст Сутай хайрханы ар бэлийг дэрлэн нутагладаг, алдар суутны өлгий Дарви сум өдгөө 433 малчин өрхтэй. Тус сумын малчид өнгөрсөн онд 224 мянган толгой мал тоолуулсан бөгөөд “Сутай” үүлдрийн хонийг зонхилон үржүүлж буй. Энэ жилийн тухайд Дарви сумын нутгаар зуншлага хэвийн, ургамлын ургалт сайн байгаа талаар нутгийн малчид хэллээ.

Жил бүр орон нутгийнхаа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан малчин өрхүүдийг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж шагнадаг уламжлал бий. Энэ жилийн тухайд Дарви сумаас “Аймгийн Хошой аварга малчин” нэг, “Аймгийн аварга малчин” тав, “Аймгийн аварга саальчин” нэг тодорч, шагналаа гардан авлаа.

Тэдний шагналыгөнгөрсөн сардХовд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлыг баг, сум орон нутгийн удирдлагуудхамтран албан ёсооргардуулан өгч, баяр хүргэв. 


Ц.Чүлтэмжамц: Гурван хүүхдээ малчин болгож, малын ашиг шимийг хүртсэндээ баярладаг


Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Ц.Чүлтэмжамцын гэр бүл энэ жил “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр шалгарсан байна.

Дарви сумын төвөөс 48 километрийнзайд “Улаан толгой” хэмээх газарт нутаглаж байгаа малчин Ц.Чүлтэмжамц, түүний гэргий Т.Амгалан нар 1990 оны үед 500 орчим малтайгаар өрх тусгаарлаж байжээ.

Улмаар малчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд мал сүрэг нь таван төрлөөр өсөж одоо 3000 орчим тоо толгой малтай болжээ.

Малчин Ц.Чүлтэмжамцын тухайд өөрийн мал маллах арга туршлагаа залуу үеийнхэнтэй байнга хуваалцаж ирсэн бөгөөд гурван хүүхдээ малчин болгож, малын ашиг шимийг хүртэж яваадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Дарви сумын Мөнгөн аяга баг 118 өрхтэй.Үүнээс 83 нь малчин өрх юм.Тус багийн малчид өнгөрсөн онд 51.2 мянган толгой мал тоолуулжээ.   


М.Батсайхан таван хүнийг малжуулжээ


Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн малчин М.Батсайхан, түүний гэргий Г.Уртнасан нар мал аж ахуйн салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрээ өдгөө аймаг орон нутагтаа үнэлүүлж, “Аймгийн аварга малчин өрх” шагналын эзэн боллоо.

Сумынхаа төвөөс 21 километрийнзайд Халтарын дотор худаг хэмээх газар нутаглаж буй малчин М.Батсайханых 1700 орчим тоо толгой малтай. Энэ жилийн тухайд 400 гаруй төл хүлээн авсан байна.

Тус малчин өрх 2002 оноос хойш хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тасралтгүй дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд нутгийнхаа таван хүнийг малжуулжээ.

Малчид жилийн дөрвөн улиралд амрах завгүй ажиллаж, мал сүргээ өсгөн бойжуулах, сүү цагаан идээ боловсруулах, хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх гээд бүхий л ажилд гэрийн бүлийн гишүүн бүрийн үүрэг, оролцоо чухал.

Иймдээ ч “Аймгийн аварга малчин”-ы шагналыг авахадгэр бүл,ах, дүү, төрөл төрөгсөд, нутгийн малчдын дэмжлэг их байсан.Тэднийхээ хамтын хүчээр энэхүүамжилтыг бий болгож байна гэж малчин М.Батсайхан талархан ярьж байлаа.  


Ш.Сүхболд: Жилийн дөрвөн улиралд 10 орчим удаагийн отор нүүдэл хийдэг

Үе удам залган мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлж, хөдөлмөрч зан чанараараа малчин түмнээ манлайлсан дараагийн хүн бол Ховд аймгийн Дарви сумын Баянбулаг багийн малчин Ш.Сүхболд.

Тэрбээр 30 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд 2013 оноос эхлэн 1000-аас дээш мал тоолуулж байна. Ийнхүү малч удмаа үргэлжлүүлэн, үр хүүхэдэдээ ч мөн мал маллах арга туршлагаа өвлүүлж яваа малчин Ш.Сүхболд энэ жил “Аймгийн аварга малчин” цолны болзол хангажээ.

Ихэвчлэн Дарвийн нуруу, Хүйсийн говиор нутагладаг малчин Ш.Сүхболдынх байгаль цаг уурын төлөв, бэлчээрийн ургамлын гарц зэргээс шалтгаалан жилийн дөрвөн улиралд 10 орчим удаагийн отор нүүдэл хийж байна.


Д.Мөнхбаяр:  Энэжил 500 гаруй төл хүлээн авч, бойжуулж байна
Ховд аймгийн Дарви сумын Булаг багт 90 гаруй малчин өрх бий. Үүүнээс тус багийн малчин Д.Мөнхбаяр, түүний гэргий О.Дэлгэрцэцэг нар энэ жил “Аймгийн аварга малчин”-аар шалгарч, шагналаа гардан авлаа.

Эднийх 1000 гаруй тоо толгой малтай бөгөөд энэ жил 500 гаруй төл хүлээн авч, бойжуулж байна.Малчин Д.Мөнхбаярын тухайд орон нутгийнхаа залуу малчдын төлөөлөл, дуу хоолой бөгөөд дөрвөн туслах малчин ажиллуулж, мал маллах арга туршлагаасаа хуваалцаж байна.

Тэрбээр олон жилийн хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүн, малын хишиг буяныг хүртэж “Аймгийн аварга малчин” болсондоо баяртай байгаа бөгөөд цаашид амжилт ололтоо ахиулж, илүү их зүйлийг хийж бүтээх зорилго дэвшүүлснээ илэрхийлж байлаа.


Д.Гомбосүрэн: Бэлчээрийн даацыг тохируулснаар мал өсөн үржих боломжтой
Дарви сумаас “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан дараагийн айл бол Мөрөн багийн малчин Д.Гомбосүрэнгийнх.

Эднийх сумын төвөөс 32 километрийнзайд Гурван амт хэмээх газар нутаглаж байна. Аймгийн аварга малчин Д.Гомбосүрэн 1200 орчим тоо толгой малтай. Тэрбээр сүүлийн зургаан жил дараалан 1000-аас дээш мал тоолуулж байгаа бөгөөд нутгийнхаа таван малчныг дэмжиж, малжуулсан байна.

Тал хээр, уулын бүс бүслүүр бүхий энэ нутагт өвс ургамлын гарц сайн, зуншлага сайхан байна. Иймээс бэлчээрийн даац, усан хангамжаа тохируулснаар мал тарга тэвээрэг авах, өсөн үржих боломж өргөн байна гэж малчин Д.Гомбосүрэн хуучиллаа.


                            П.Ганбаатар: Малчин хүн тэсвэр хатуужилтай байх нь чухал 
Энэ жилийн тухайд Ховд аймгийн Дарви сумын залуу малчин П.Ганбаатарын гэр бүл хөдөлмөр, зүтгэлээ орон нутагтаа үнэлүүлж “Аймгийн аварга малчин” цол хүртлээ. 

Тал сайхан нутагтаа таван хошуу малаа бэлчээж, цаг агаарын төлөв, бэлчээр, усан хангамж, өвс ургамлын гарцтай тохируулах мал маллагааны уламжлалт аргыг хадгалан авч яваа малчин П.Ганбаатар сүүлийн таван жилийн хугацаанд 1000-аас дээш толгой мал тоолуулжээ.

Малчин хүн тэсвэр хатуужилтай байх нь хамгийн чухал. Байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож, нутаг ус, бэлчээрээ хамгаалж, мал сүргийнхээ бүтцийн тэнцвэрт байдлыг бий болгох, хамгийн гол нь зорилго тэмүүлэлтэй, тэвчээртэйгээр хөдөлмөрлөхөд амжилт бий болж байна гэж залуу малчин П.Ганбаатар ярив.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn