Гэр хороололд 100 орчим өрх цэвэр бохир усны шугамд холбогджээ

246

Ховд аймгийн гэр хорооллын айлуудыг гаднаа ил жорлонгүй, гэртээ нүүрс түлэхгүй, худгаас усаа зөөхгүй, дулаалгатай гэр, байшинтай болгох “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл хэрэгжсэн.  
Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны шугамд холбох ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шат дараатай хийж буй. 
Өнгөрсөн жил аймгийн төв буюу Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Тахилт багт шугам сүлжээний ажил хийж дуусан, одоо дараагийн дөрвөн багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж эхлээд байна. 
Төсөл хэрэгжиж дууссан, шугам сүлжээ бүрэн ашиглалтад орсон Баатархайрхан, Тахилт, Бичигт багийн нийт 1900 гаруй өрхөөс одоогоор 100 орчим өрх л цэвэр бохир усны шугамд холбогдсон байна. 
Уг нь энэ 1900 айл бүгд хашааныхаа дэргэд байгаа шугам сүлжээнээс 450 орчим мянган төгрөгөөр 10-15 метр салаа шугам татан авч,өвөлд утаагүй, нүүрс түлж үнс нурамтай зууралдахгүй, нүхэн жорлонд бие засахгүй, ус зөөхгүйгээр дөрвөн улирлын турш эрүүл, аюулгүй, хашаандаа тохилог амьдрах боломж нээлттэй байна гэж албаныхан онцлон хэллээ.    

Мөн төсөлд хамрагдах хүсэлтэй 200 гаруй иргэн байгаа аж. Цаашид “Хөршийн холбоо” байгуулж, төрөөс багахан дэмжээд өгвөл уг төсөл үр дүнтэй хэрэгжих талаар зарим иргэд санал хэлж байсан юм.
Ховд аймгийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цаашид төсөлд хамрагдах айл өрхүүдэд зориулан “Ногоон зээл” олгох, “Жишиг гудамж” байгуулах, цэвэр усны үүсгэврийг нэмэгдүүлэх, 2022 онд багадаа 500 өрхийг шугам сүлжээнд холбоход онцгойлон анхаарна гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Ховд аймгийн төв, Жаргалант сумын гэр хороололд нийт 5200 гаруй өрх амьдарч буй.

Montsame.mn скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn