Нүхэн жорлон, бохирын цооногт үнэ төлбөргүй ариутгал хийж байна
Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд 5000 гаруй нүхэн жорлон байна гэх судалгаа бий. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Ховд Жюли” ББН халдваргүйтгэлийн байгууллага, Зоонозын өвчин судлалын төв хамтран гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохир усны цооног, хашаа орчмыг үнэ төлбөргүй ариутгаж байна.
Одоогийн байдлаар Жаргалант сумын Бичигт, Баатархайрхан, Тахилт, Бугат гэсэн дөрвөн багийн айл өрхийн 2500 орчим нүхэн жорлон, бохирын цооногт шавжны хор шүршиж, гипох-порит кальцийн 0.5 хувийн уусмал цацах замаар өвчин үүсгэж болзошгүй нянг устгалд оруулжээ.
Тус ажил цаашид үргэлжилнэ. Иймд иргэд дэмжиж, ариутгал халдваргүйтгэл хийж буй мэргэжлийн байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүй, шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгч хамтран ажиллахыг уриаллаа.
Н.Лхагва