Авто зам баригдсанаар янгир ямааны ус уух боломж хумигджээ

306
Ховор, нэн ховор зэрлэг амьтдын нэг бол янгир. Ховд, Баян-Өлгий аймгийг холбосон хатуу хучилттай авто замын зарим хэсэг нь янгир ямааны тархац, байршил бүхий газартай тун ойрхон байгаа аж. 
Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Ховд, Буянт сумын нутаг “Харлаг богоч” гэх улаан ууланд янгир ямаа тархан бэлчээрлэдэг.
Зэрлэг амьтдын бэлчээрийн бүс болсон тухайн газрын ойролцоо 2018 оноос эхлэн хатуу хучилттай зам, шороон зам баригдсанаар зэрлэг амьтан, тэр дундаа янгир ямааны бэлчээр хомсдож, ус уух боломж нь хумигдах нөхцөл үүссэн тухай нутгийн байгаль хамгаалагчид ярьж байна.
Энэ сарын 24-ний өдөр янгир уулнаас буугаад, шинэ замын хашлагад тулаад усаа ууж чадахгүй, маш их цангасан бололтой дүр зургийг Эрдэнэбүрэн сумын иргэд харж, гар утас ашиглан зураг авч, бичлэг хийж, баталгаажуулжээ.  


"Дээрх дүр зураг нь нэг удаагийн тохиолдол биш янгир ямаа байнга ус уухаар нэг, хоёроор зогсож байгаа харагддаг. Голын ус хөлдөхтэй зэрэгцэн янгир ус уухын тулд 10 орчим мeтр зайд байгаа машин, хүнээс үргэхгүй, айхгүй мөс хэмлээд зогсож байгаа нь сэтгэл эмзэглүүштэй.Нөгөө талаарааодоо цасгүй байгаа нь эдгээр зэрлэг амьтны амьдрах орчинд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байгаа бололтой. Янгир үргэлж айхаа умартан хөлдсөн мөсөн дээр ирж байгаа тул ундаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор замын хашлага, хаалтыг нь хэсэгчлэн авах, зэрлэг амьтны явах аюулгүй гарц гаргах, цаашид байнга ус уух боломж бий болгоход анхаарах шаардлагатай байна. Иймээс холбогдох байгууллагууд анхаарч, ус уух замыг нь гаргаж өгөх хэрэгтэй” гэж Эрдэнэбүрэн сумын байгаль хамгаалагч Н.Лхамсүрэн ярьлаа.  

Ийнхүү янгир ямаа байнга ирж ус ууж буй байршил нь Буянт сумаас Ховд сум руу гарах авто зам, голын шинэ гүүрний орчимд бий.
"Янгир тус авто замаас тодорхой хэмжээний зайтай, аюул бага газраар явж ус уух боломж байгаа. Гэвч амьтны олон жилийн дадал, хэвшлийн дагуу яг нэг л газраар ирж, авто замыг дайран өнгөрч, хашлага, гүүрэнд тулж байгаа юм. Тэгэхээр амьтны дадлыг харгалзан үзэж тухайн газарт зэрлэг амьтны аюулгүй зорчих гарц бий болгох хэрэгтэй. Энэ талаарх асуудал нэг жилийн өмнөөс яригдаж, санал хүсэлтийг холбогдох газруудад уламжилсан боловч хараахан шийдвэр гараагүй байна" гэж Буянт сумын байгаль хамгаалагчид хэллээ.
Мөн Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын холбогдох мэргэжилтнээс тодруулахад уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцэнэ гэв.   
Дээрх газарт өнгөрсөн онд хууль бус агнуурын нэг тохиолдол бүртгэгдэж байжээ. Одоогийн байдлаар Ховд, Буянт сумын байгаль хамгаалагч нар хамтран тогтмол хяналт тавьж ажиллаж байна.  
Нутгийн иргэдийн зүгээс энэ асуудлыг чухалчилж, зохистой шийдвэр гаргахыг хүсч, мөн ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн авто замын зураг төсөв, бүтээн байгуулалтын ажилд зэрлэг амьтан шилжин нүүдэллэх замын гарц тусгагдсан эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байна зэрэг саналыг илэрхийлэв.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn