Ховд хотод нийлүүлж буй цэвэр усны хэмжээг алдаагүй тогтоох боломж бүрдэж байна
Ховд аймгийн мэргэжлийн байгууллагууд энэ онд “Дусал ус шижир алт” усны тоолууржуулалтын аян зохион байгуулж байна.
Тодруулбал, өнгөрсөн 2020 оны байдлаар Ховд аймгийн хэмжээнд 58 төсөвт байгууллагын 54 буюу 91 хувь, 107 ус ашиглагч аж ахуйн нэгжийн 71 буюу 70 хувь нь тоолуургүй. Мөн төвлөрсөн шугамаас ус ашигладаг 3538 айл өрхийн 58 хувь нь тоолуургүй гэсэн судалгаа гарчээ.
Иймээс аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын баг томилж, энэ оны гуравдугаар сард Говь-Алтай аймагт туршлага судалсны үндсэн дээр Ховд аймгийн аж ахуйн нэгжүүдийг 2021 онд бүрэн тоолууржуулах зорилт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд “Дусал ус шижир алт” усны тоолууржуулалтын аян өрнүүлж, уриалга, зөвлөмж мэдээлэл, дүрс бичлэг зэргийг цахим сүлжээнд байршуулсан байна. Мөн eрөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Усны ухаалаг хэрэглээ” сэдэвт уралдаан зохион байгуулсан.
Улмаар усны тоолууржуулалтын ажлыг эрчимжүүлж, энэ оны эхний хагас жилийн байдлаар төрийн байгууллагын 48 хувийг тоолууржуулжээ. Мөн “Шим-Ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар өөрийн эзэмшлийн 13 гүний худаг буюу эх үүсвэрт тоолуур суурилуулснаар Ховд хотод нийлүүлж буй цэвэр усны хэмжээг алдаагүй тогтоох, үүнтэй холбоотой бүрдүүлэх төлбөрийг нарийн тооцож, төвлөрүүлэх боломж бүрдсэн үр дүнтэй байна гэж Ховд аймгийн ИТХ-ын 2021 оны онцлох ажлын жагсаалт, тайланд тэмдэглэжээ.
Усны тоолууржуулалтын аяны үйл ажиллагааг Ховд аймгийн ИТХ-аас гадна “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-ийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хар нуур-Ховд голын сав газрын хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.