Өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно
Ховд аймагт хаваржилт хүндэрч болзошгүй учраас зарим суманд аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо. Тус аймгийн Онцгой комиссын гишүүдэнэ сарын 15-нд цаг үеийн асуудлаар хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан. Тодруулбал, аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхэлж цуцлав.
Мөн хилийн бүс нутагт коронавирусний халдварын тархалт нэмэгдэх, цаашлаад экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Булган сум дахь Булган боомтын бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоон ажиллахаар шийдвэрлэжээ.
Үүнээс гадна аймгийн нийт нутгаар цас их орж, хүйтний эрч буурахгүй, хаваржилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан аймгийн аюулгүйн нөөцөөс 25 тонн хорголжин, 12.5 тонн хивгэн тэжээл, 102 тонн өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр шаардлагатай сумдад олгохоор болсон гэж ЗДТГ-аас мэдээллээ.