Ховд голын усыг дөрвөн цэгт боож далан босгоно
Мянгад сумын Цагаанбургас багийн нутгаар урсах Ховд голын усыг боож далан босгох ажил энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхэлнэ. Ховд аймгийн хадлангийн гол бүс нутаг нь Булган, Буянт, Мянгад, Үенч сум юм.
Тэгвэл жил бүр Ховд голын мөс хайлах, усны түвшин нэмэгдэх үеэр Мянгад сумын зарим хадлангийн талбай үерт автаж газар тариалан эрхлэгч иргэдэд хүндрэл учруулдаг. Тиймээс Мянгад сумынхан 200 орчим га хадлангийн талбайг хамгаалах, усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаанбургас багийн нутгаар урсах Ховд голын усыг тодорхой дөрвөн цэгт боож, далан босгох ажил зохион байгуулахаар болжээ. Мянгад сумын нутаг, Ховд голын усны голдирол өөрчлөх, суваг шуудуу сэргээх, шинээр татах ажилд нийт100 сая төгрөг зарцуулахаар баталжээ. Тус ажлыг аймгийн Онцгой комиссын шийдвэр, "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 34.1.5 дахь заалтын дагуу шууд гэрээ байгуулах замаар гүйцэтгэх аж.
Н.Лхагва