ЕХ Оросын эсрэг найм дахь багц хориг арга хэмжээг баталжээ

382
Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг найм дахь багц хориг арга хэмжээг пүрэв гарагт баталлаа. “Украины эсрэг түрэмгий үйлдэл хийж байгаатай нь холбогдуулан ЕХ-ны Зөвлөл ОХУ-ын эсрэг найм дахь багц хориг арга хэмжээг баталсанд Европын Комисс талархаж байна. Энэхүү багцыг олон улсын түншүүдтэй нягт уялдуулан тохиролцсон бөгөөд Украины эсрэг өдөөсөн ОХУ-ын хууль бус дайн, хурцадмал байдлын хариу арга хэмжээ юм" гэж Европын Комисс мэдэгджээ.
 
Найм дахь багц хориг арга хэмжээнд 7 тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүний импортод хориг тавьж, экспортыг хязгаарлах талаар тусгасан байна.  Энэхүү алхмууд нь Кремлийн цэрэг-аж үйлдвэрийн гол цогцолборууд, технологиудад илүү хүчтэй цохилт өгөх, Оросын эдийн засгийг Европын үйлчилгээ, туршлагаас улам бүр холдуулах зорилготой юм.  Багц хориг арга хэмжээ нь мөн “G7”-гийн баримт бичигт тусгагдсаны дагуу ОХУ-ын газрын тосны үнийн дээд хязгаарыг нэвтрүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс суурийг тавьсан гэж мэдэгдэлд дурджээ. 
 
Үүнээс гадна, ЕХ "Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс"  гэгдэх улсууд болон Украины Херсон, Запорожье мужуудад "бүх нийтийн санал асуулгыг" зохион байгуулахад шууд оролцсон хувь хүн, хуулийн этгээдэд нэмж хориг арга хэмжээ авч байна. ОХУ-ын цэрэг, аж үйлдвэр, технологийн бараа бүтээгдэхүүнийг ашиглах боломжийг хязгаарлах, түүнчлэн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбараа хөгжүүлэх чадварыг нь бууруулахад чиглэсэн экспортын нэмэлт хязгаарлалтыг нэвтрүүлжээ.
 
Хориг арга хэмжээний багцад коксжих нүүрс (Оросын аж үйлдвэрийн үйлдвэрүүдэд ашигладаг), зарим электрон эд анги (зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг), нисэхийн салбарт ашигладаг техникийн бүтээгдэхүүн, түүнчлэн зарим химийн бодисын экспортыг хориглох зэрэг арга хэмжээ багтсан байна.  ОХУ-ын эсрэг ээлжит багц хориг нь Украины нутгийг хууль бусаар өөртөө нэгтгэсний хариуд авч буй арга хэмжээ юм. “Бид Оросын цэргийн эдийн засагт илүү хүчтэй цохилт өгч байна. Украины газар нутгийг хууль бусаар нэгтгэсэнд буруутай хүмүүсийг бид цөхөөж байна. ЕХ Украинд хэдий хэмжээгээр шаардагдана төдий хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ” гэж ЕХ-ны дипломатчдын тэргүүн Жозеп Боррель ээлжит багц хориг арга хэмжээг баталсантай холбогдуулан мэдэгджээ.  
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn