Ховд аймгийн 41 төлөөлөгчийн долоо нь эмэгтэй
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцийн бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүх хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ялангуяа, хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлсон. Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна.
Бид 2022 онд “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа эхлүүлж 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, байр суурийг хүргэж байна. Жил гаруйн хугацаанд аймгуудын удирлагын багт эрэгтэй, эмэгтэй хүйсийн тэнцвэрт байдал ямар байгааг тодруулан хүргэж, ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчөөр дамжуулан аймгийн бодлого, шийдвэр, үр дүнг олон нийтэд таниулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад олон ясны өлгий нутаг Ховд аймгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал ямар байгааг хүргэхээр бэлтгэлээ.
Ховд аймгийн ИТХ нь 41 төлөөлөгчтэй. Үүнээс долоо нь эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Энэ нь нийт төлөөлөгчийн 16 хувийг эзэлж байна гэсэн үг юм.
“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гаас хамгийн сүүлд гаргасан судалгаагаар УИХ-ын гишүүдийн 17.1 хувь, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 26.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ байдал аймаг, сумын хурлын түвшинд бас ялгаатай. Тухайлбал, сумын ИТХ-д эмэгтэйчүүд 28.5 хувийг эзэлж байхад аймгийн ИТХ-д 15.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 35.9 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна гэсэн судалгаа гарсан байдаг.
Тэгвэл баруун бүсийн тулгуур төв болсон Ховд аймгийн ИТХ-ын хувьд улсын дунджаас бага үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь хүн амыг квоттой харьцуулахад ИТХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай түвшинд байж чадахгүй байна. Мөн тэргүүлэгч төлөөлөгчид гурван эмэгтэй байгаа нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгааг харуулж буй юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 17 (7002)