Ховд аймагт шороон шуурганы улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ
Ховд аймгийн Жаргалант суманд хүчтэй шороон шуурга шуурч, таван ханатай гурван гэр, зургаан ханатай дөрвөн гэр нурж, хоёр айлын байшингийн дээвэр хууларчээ.
Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж аюулгүй болгосон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Ховд болон баруун аймгийн ихэнх нутгаар цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хүчтэй шороон шуурга болж, замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд, жолооч та бүхэн аймгийн төвөөс сум, бусад аймаг, хотруу явах хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Мөн иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.