ХОВД: 100 буудалт даамын 2023 оны Улсын аваргууд тодорлоо
Зуун буудалт даамын 2023 оны Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн зургаадугаар сарын 23-30-ны өдөр Ховд аймагт болсон. Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор зохион байгуулсан бөгөөд шилдэг тамирчид тодорчээ.
100 буудалт даамын "Ховд-2023" Улсын аварга шалгаруулах Эрэгтэйчүүдийн 46, Эмэгтэйчүүдийн 33 дахь шигшээ тэмцээний Эрэгтэйчүүдийн ангилалд:Олон улсын их мастер Дөлийн Эрдэнэбилэг 22 оноогоор 15 дахь удаагаа түрүүлж алтан медалийн эзэн болсон байна.
Харин Олон улсын их мастер Равжирын Манлай 19 оноогоор мөнгөн медаль, спортын мастер Зундуйн Ганбаатар 17 оноогоор хүрэл медаль хүртжээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд: Спортын мастер Баатархүүгийн Анужин 20 оноогоор анх удаа түрүүлж, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний алтан медалийн эзэн боллоо.
Мөн Дэлхийн даамын холбооны мастер Норовсүрэнгийн Лхагвадолгор 19 оноогоор мөнгөн медаль, Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин мөн 19 оноогоор хүрэл медаль гардан авлаа.
Тэмцээний аваргуудын шагналыг 7 дугаар сарын 2-нд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Монголын даамын холбооны ерөнхийлөгч Ц.Эрдэмбилэг, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр, аймгийн Даамын холбооны тэргүүн Б.Дүгэржав тэргүүтэй албаны төлөөлөл гардуулан өгч баяр хүргэв. Монгол Улсын шилдэг 14 эрэгтэй 14 эмэгтэй тамирчид ийнхүү Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв Ховд хотноо найман өдрийн турш оюуны спортын нэгэн төрлөөр уралдаж, улсын аваргуудаа тодруулсан юм.