ХОВД: 700 орчим хүн чихрийн шижин өвчнөөр өвчилсөн нь тогтоогдож, эмчийн хяналтад байна
Жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд дэлхий нийтээрээ Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг угтан Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран Чихрийн шижин өвчнөөс сэргийлэхэд иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилго бүхий олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ удаа аймгийн төвөөс Буянт гол чиглэлд Чихрийн шижингийн эсрэг бүх нийтийн явган алхалт хийж, АХА, Олс таталтын тэмцээн зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд 14 байгууллагын 260 гаруй хүн оролцов.
Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд цаашид Ховд аймгийн албан байгууллагууд дээр эрүүл мэндийн үзлэг, оношилгоо зохион байгуулна. Мөн уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлууд тусгай төлөвлөгөөний дагуу 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Илүүдэл жин, хөдөлгөөний хомсдол нь чихрийн шижин өвчин үүсэх хүчин зүйлсийн нэг юм.
Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй халдварт бус өвчлөл, тэр дундаа чихрийн шижингийн тохиолдол, нас баралт нэмэгдэж, иргэдийн эрүүл амьдралын чанар буурсаар байгаа. Иймээс өдөр бүр алхах, гүйх зэргээр дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндээ хамгаалахыг мэргэжилтнүүд уриалав. Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 700 орчим хүн чихрийн шижин өвчнөөр өвчилсөн нь тогтоогдож, эмчийн хяналтад байна. Тэдний 80-90 хувь нь хөдөлгөөний дутагдал, түүнээс улбаалсан таргалалт, биеийн жингийн илүүдэлтэй байгаа аж.