Олимп хойшлох нь манай тамирчдад ашигтай

688
  • Л.Ундралбат: Илүү сайн бэлдэх бололцоо гарлаа, ашгүй дээ гэсэн шүү юм бодоод сууж байна


Ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд Японы нийслэл Токиод болох байсан зуны олимпын наадам хойшиллоо. Мягмар гарагт ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй утсаар ярьсны дараа олимпыг хойшлуулах тохиролцоонд хүрсэн юм. Одоогоор олимп хэзээ зохиогдох нь тодорхойгүй ч 2021 оны зунаас хэтрүүлэхгүй байхаар тохиролцжээ. Бусад спорт холбоод, ивээн тэтгэгчидтэй тохиролцсоны үндсэн дээр ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл эцсийн шийдийг гаргах юм. Олимпын наадам хойшлогдох нь манай тамирчдад хэрхэн нөлөөлөх бол. Энэ талаар Монголын ТОП спортын төлөөлөлтэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа. Холбоодын төлөөллийн ихэнх нь олимпод бэлтгэх дахин хэдэн сарын хугацаа гарч ирж буй гэдэг утгаараа амжилтад эерэгээр нөлөөлнө гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Б.Батбаяр (Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга)
-Бид наймдугаар сарын эхэн гэхэд тамирчдынхаа бэлтгэлийн оргил үеийг тааруулахаар бүх төлөвлөгөөгөө гаргасан. Харин одоо энэ бүх төлөвлөлт өөрчлөгдөнө гэсэн үг. Бас нэг хэцүү юм гэвэл олимпын эрхийн тэмцээнүүдийн тов тодорхойгүй байгаа нь бидэнд хүндрэл учруулж байна. Үүнээс гадна тамирчдын сэтгэл зүйд илүү их анхаарах шаардлагатай боллоо. Нөгөөтэйгүүр, залуу тамирчид илүү урт хугацаанд бэлдэж, туршлага сууна гэдэг утгаараа давуу талтай байж болно. Техник тактик, бие бялдрын хувьд засаж залруулах шаардлагуудаа шийдэх боломж гарч байна.
Л.Ундралбат (Буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
-Хөнгөн атлетик гэх мэт зуны спортын тамирчдад энэ шийдвэр хүнд тусах байх. Буудлагын спорт бол өвөл, зуны аль ч цагт явагдаж байдаг онцлогтой болохоор бидэнд айхтар нөлөөлөхгүй. Харин илүү сайн бэлдэх бололцоо гарлаа, ашгүй дээ гэсэн шүү юм бодоод сууж байна. Энэ жил Европын хоёр, гурван тэмцээн байсан юм. Гэхдээ олимп Азид болох юм чинь Европын тэмцээнд оролгүй өнжье гэж шийдэж байлаа. Цагийн зөрүү гаргах, замдаа ядарна гээд хэцүү л дээ. Харин одоо олимп хойшилсон болохоор Европын тэмцээнүүдэд оролцоно гэж төлөвлөж байна. Энэ мэтээр бэлтгэл сургуулилалтын төлөвлөгөө өөрчлөгдөж байна. Ер нь бидний бэлтгэл сайн байгаа. Олимп хэдийд ч зохиогдсон оролцоход бэлэн.
Ц.Батнасан (Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга)
-Олимп хойшлохыг хэн хүсэх вэ дээ. Үүнээс болоод зөндөө асуудал үүсэж байна. Энэ олимпын дараа боксоо орхино гэсэн хүн байна, мэргэжилд гарахаар төлөвлөсөн нь ч бий. Холбооны зүгээс олимпын дараа нөөц багаа шинэчлэх, ирэх дөрвөн жилийнхээ циклийг эхлүүлэх гээд олон ажил байсан ч энэ бүхэн хойшлохоос аргагүй боллоо. Гэхдээ яах вэ, дэлхий нийтээрээ ийм байгаа болохоор дагахаас өөр аргагүй. Ер нь яг хэзээ зохиогдох тов гарсны дараа хийгдэх ажлууд илүү тодорхой болох байх. Нарийн тов тодорчихвол шийдэх зүйл их байна. Мэдээж залуу тамирчид туршлага сууж сайжрах давуу талтай. Гэхдээ нас нь ахиж буй ахмад тамирчдад муугаар нөлөөлнө.
П.Ууганбаатар (Монголын жүдогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга)
-Бидний хувьд тэмцээнээс тэмцээний хооронд явсаар байгаад үндсэн бэлтгэлээ хийх зав гардаггүй байлаа. Харин одоо тогтвор суурьшилтай, багш дасгалжуулагчдын төлөвлөгөөний дагуу нэлээд чамбай бэлдэх боломж гарч ирж байна. Залуу тамирчдад ч бас бэлтгэлээ сайжруулж, туршлага суух боломж олдоно. Одоохондоо яг хэзээ зохиогдох нь тодорхойгүй учраас нарийн төлөвлөгөө гаргахад амаргүй байна. Хугацаа тодорхой болчихвол нухацтай ярилцаж байгаад бэлтгэл сургуулилалт, оролцох тэмцээнийхээ төлөвлөгөөг гаргана.
С.Тулга (3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч) 
-Олимп хойшлох нь бидэнд айхтар нөлөөлөхгүй байх. Уг нь манай эмэгтэй баг чимээгүй “битүү морь” орж ирээд сенсаац тарих боломжтой байсан. Дараа жил болж хойшилбол улам л судлагдах байх. Гэхдээ манай багт эерэгээр нөлөөлнө гэж хэлнэ. Яагаад гэвэл, манай эрэгтэй, эмэгтэй шигшээ аль аль нь залуухан баг. Нэг жил хойшилбол тэр хэрээр юм сурч, туршлага сууна гэсэн үг. Харин нас нь хөгширч байгаа зарим улсын хувьд хойшлох тусам ашиггүй. Уг нь манайхны бэлтгэл тулчихсан, улам гоё болж байсан. Ивээн тэтгэгчийн асуудлаа шийдчихсэн, олимпын багийнхан менежмент болон маркетингаа маш сайн хийсэн. Харин одоо бүх юм шинээр эхлэх болж байна.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn