Багцаатай хошхируулахгүй яав даа Ч.Улаан сайд аа

578
Монгол Улсын Засгийн газраас 2020 онд ноолуурын түүхий эд бэлтгэх... ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталж 1кг-ыг нь 100 мянган төгрөгөөс доошгүйгээр тооцож, 5000 орчим тонн ноолуур үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр тооцоолсон байдаг. Үүнтэй зэрэгцэн “Малчдаа, ноолуураа ченжүүдэд зарахгүйгээр, үндэсний үйлдвэрлэгчдэдээ өгөөрэй. Ямаагаа самнах болоогүй шүү” гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлээдэхсэн.. Сайдын энэ мэдээлэл тэгвэл өнөөдөр малчдын амьдралыг хямруулж орхилоо.
Хөдөөг, малчны хотыг, малчдын амьдралыг мэдэхгүй хотын ихэнх нөхөд “малаа, сүү, өрөм тосоо зараад, ер нь л ихийг олдог хэрнэ нийслэлчүүдэд махаа өндөр үнээр зардаг” гэж дүгнэдэг.
Тэгвэл үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол, борви бохисхийлгүй хөдөлмөрлөдөг хүмүүс бол малчид. Тэдгээр малчдын ганц орлого нь ноолуур. Жил жилийн хаварт ноолуураа тушааж олсон мөнгөөрөө гурил будаа, даавуу, хувцас хунар, гэрэл чийдэн, малын хивэг, тэжээл, хүүхдийн сургуулийн төлбөр хэрэглэдэг эм тариа гээд олон зүйлийг ноолуур зарсан мөнгөөрөө зохицуулдаг...
Гэтэл салбарын сайдын яаран гаргасан мэдэгдэл малчдыг жинхэнэ самарч орхилоо. Малчид 3 дугаар сарын сүүлч, 4 дүгээр сарын эхээр ямаагаа самнаж кг-ыг нь 60-80 мянган төгрөгөөр борлуулдаг байлаа. Харин энэ жил эрхбиш Засгийн газрын гишүүн, төрийн сайд хүний амнаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сонссон болохоор малчдын магнай тэнийж, ноолуураа 20-40 мянган төгрөгөөр илүү өгчихнө гэж баярласан. Гэтэл салбарын сайдынх нь хэлсэн тэр ажил ёстой жингүйдлийн хурдтай урагшилж, ямаагаа самнасан малчид хараачилсаар, ар амьдрал нь хэцүүдээд ирэхээр ченжүүдэд 30.000-50.000 төгрөгийн хооронд өгч эхлэв.
Анхнаасаа баттай ноттой үнэн зөв мэдээлэл гаргаагүй болохоор малчин болгон л "Бүх малчдаас ноолуурыг нь авах нь" гэж  баярласан нь мэдээж.
Малчдын амьдрал хямарч, сэтгэл санаа тавгүй байхад өнгөрөгч амралтын өдрөөр малчин айлд очиж ноолуурыг нь 105 мянган төгрөгөөр авч байгаа дүрс бүхий “лайв” хийсэн нь малчдын дургүйцлийг хүргэж “Салбарын сайд биднийгээ ингэж хямраах гэж дээ. Худал ярихад бас багцаа баймаар даа...” гэсэн гомдлын үг урсгаж байлаа.
Үнэхээр гомдохоос ч яах билээ. Малчид бүтэн жилийнхээ хөдөлмөрийг энэ жил үнэгүйдүүлчхэж байгаа юм чинь. Ямар Засгийн газрын жингүйдлийн хурдыг хараад ноолуураа дараад дараа жилтэй золголттой биш...
Багцаатай л хошхируулах байж дээ, сайд аа.

С.Туул
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn