Д.Ганцоож 26 жил ус зөөвөрлөн түгээж байна

384

Хөдөө орон нутагт өөрийн хичээл зүтгэлийн үр шимээр амьдрал ахуйгаа дээшлүүлж яваа хөдөлмөрч иргэд олон бий. Тэдгээр иргэдийн нэг бол Д.Ганцоож юм. Түүний ажил үйлсийн гараа, онцлогийн талаар сурвалжиллаа. 
Ховд аймгийн Дөргөн сумын хүн ам зөөврийн усан хангамжтай. Тус суманд ундны цэвэр усны хангамжийн асуудал сүүлийн 20 гаруй жил яригдаж, шийдвэрлэж чадахгүй байгаа аж.
Дөргөн сумын төвд 10 гаруй гүний худаг гаргасан. Бүгд ундны усанд таарахгүй, эрдэсжилт ихтэй гэсэн судалгааны дүн гарсан аж. Иймд сумын төвд амьдарч буй иргэдийн цэвэр усны хангамжийг бүрдүүлэх зорилгоор иргэн Д.Ганцоож 26 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөж байна.
Тэрээр 2.5 тонн ус зөөвөрлөх багтаамж бүхий нэг машинтай. Түүний ажил өглөөний 06:00 цагт эхлэх ба орой 22:00 цаг хүртэл завгүй ажиллана. Ингэхдээ сумын төвөөс 3 км орчим зайд орших “Цагаан тойруу” гэх газарт байгаа хоёр худгаас ус авдаг. Улмаар худгаас өдөрт 7-10 удаа цэвэр ус зөөвөрлөх ба  17-18 гудамж, талбай дамжин явж албан байгууллага, айл өрх бүрт түгээдэг гэнэ.
Д.Ганцоож сумынхаа хамгийн “эрэлттэй” хүн...

Иргэн Д.Ганцоож сумын төвд ус цэвэршүүлэх төхөөрөмж бүхий худаг ажиллуулж, нэг хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна. Дөргөн суманд нэг литр усыг айл өрх 5, албан байгууллага 7 төгрөгөөр худалдан авдаг.
Гэтэл аймгийн төв буюу Жаргалант сумын гэр хорооллын айл өрхүүд худгаас ус авахдаа нэг литрийгнь 2 төгрөгөөр худалдан авч буй. Тэгэхээр Дөргөн суманд эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усны асуудлыг шийдэх нь чухал бөгөөд өдгөө сумын хамгийн "хэрэгтэй", “эрэлттэй” хүн бол Д.Ганцоож юм. Тус суманд хаана, хэнд ус шаардлагатай болсон тэр үед цаг хугацаа харгалзахгүйгээр Д.Ганцоож руу гар утсаар холбогдож, дуудаж ус авах тохиолдол ч бий гэж нутгийн иргэд ярьж байлаа.
Ийнхүү эгэл даруу, тусч зан чанараар өөрийгөө гоёж, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр нутгийн иргэдийн талархал, хүндэтгэлийг хүлээж яваа эрхэм нэгэн бол Д.Ганцоож аж.
Хүний амьдрал бол тэмцэл. Хэдий чинээ хүч хөдөлмөр гарган ажиллана, төдий чинээгээр амжилт бий болдог гэх үг бий. Би ажлыг хүнд, хэцүү гэж голохгүйгээр зүтгэж явна. Хэцүү гэдэг нь боломжгүй гэсэн үг огтоос биш. Боломжийг эрэлхийлэх нь чухал. Миний ажил маш олон хүний дэмжлэг, хамтын хүчээр өдий зэрэгтэй явж байгаа гэж иргэн Д.Ганцоож онцлон хэллээ. 
Энэ үеэр Ховд аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлж байгаа “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж, 4 сая төгрөгийн дэмжлэг авсан. Ингээд ус зөөвөрлөдөг машин техникээ шинэчлэн засварласан нь ажлаа хийхэд чухал ач холбогдолтой хэмээн талархаж байгаагаа илэрхийлэв.   

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn