Цэцийн шийдвэр сонгуульд нөлөөлөхгүй
Улс төрийн намууд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахад 10 хоног үлдлээ. Хугацаа тулсан ч нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхээс өмнө нэр дэвшигчтэй холбоотой сонгуулийн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх нь. Тодруулбал, авлига албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ өнөөдөр шийдвэрлэнэ. МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан гэх тодотголтой уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх иргэдийн гомдол хэдэн сар Цэцийн хавтсанд дараатай байсны эцэст ийнхүү сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай давхцан шийдвэрлэгдэх нь.
Гэхдээ Үндсэн хуулийн Цэц ямар ч шийдвэр гаргасан сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Цэц 2008 оны шийдвэрээ (2008 онд ҮХЦ нэр дэвшигчид ялгүй байх шаардлага тавьсан нь ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрхийг бүх насаар нь хязгаарлаж байна гэсэн дүгнэлт гаргаж байв) хамгаалж, энэхүү заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр түдгэлзүүлж болно. Харин Цэцийн шийдвэрийг УИХ 14 хоногийн дотор хүлээж авах эсэхээ шийдвэрлэнэ. Энэ хооронд улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа өнгөрнө. Нэр дэвшүүлэх ажиллагааны өмнө УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж болох ч хүлээж авахгүй байх магадлал өндөр. Харин Цэц сонгуулийн хуулийн заалтуудыг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэвэл УИХ тэр дор нь хэлэлцээд л шийдвэрийг нь хүлээж авах ойлгомжтой. Үндсэндээ Цэцийн шийдвэр ямар байлаа ч УИХ-ын 2020 оны сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Цэцийн дүгнэлт сонгуульд нөлөөлөх боломжит цаг хугацаа хэдийнээ өнгөрсөн гэсэн үг.
Цэцийн шийдвэр хүчин төгөлдөр үү
Он гарснаас хойш Үндсэн хуулийн Цэц гурав дахь маргаанаа хянан хэлэлцэх гэж байна. Өмнө нь Цэцийн өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой болон сонгуулийн хуультай холбоотой хоёр маргааныг хянан хэлэлцээд байгаа юм. Тодруулбал, ҮХЦ Үндсэн хууль баталсан 1992 оноос хойш батлан гаргасан хуулиудыг хянан хэлэлцэх нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, 1992 оноос өмнө баталсан есөн хуульд хамааралтай зөрчил, маргааныг Цэц хянан хэлэлцэхгүй байх зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Энэхүү дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж, хүлээж авахыг гишүүдийн олонх нь дэмжсэн.
Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1, 28.3.1 дэх заалт нь хоорондоо зөрчилдөж, Үндсэн хуульд заасан иргэдийн сонгогдох эрхийг хязгаарласан гэсэн дүгнэлтийг Цэц гаргаад байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан. Харин тус хуулийн 28.3.1 дэх заалтад нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн бол сонгуульд оролцуулахаар хуульчилжээ.
Энэхүү хоёр заалт нь хоорондоо зөрчилдөж байгаа учраас түдгэлзүүлэх шийдвэр гаргасан гэдгээ ҮХЦ тайлбарласан ч УИХ хүлээж аваагүй юм. Тиймээс ҮХЦ уг маргааныг Их суудлын хуралдаанаараа эцэслэн хэлэлцэхээр болов. Гэхдээ Цэцийн шийдвэр сонгуулийн үйл ажиллагаанд мөн л нөлөөлөхгүй. Хэрвээ Цэц Дунд суудлын хуралдааны шийдвэрээ бататгавал нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэхээс өмнө, сонгууль товлон зарласнаас хойш бүртгүүлсэн нэг л намын асуудал шийдэгдэх юм.
Харин сонгуулийн хууль Үндсэн хууль зөрсөн эсэх маргаантай зэрэгцэн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр өөрөө хүчин төгөлдөр эсэхийг парламентчид хөндлөө. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд дуусгавар болжээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийн гаргасан шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэхэд хүндрэлтэйг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хэлэв. Тэрээр “Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа нь 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дууссан байна. Үүнээс хойш хагас жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хүмүүс ингээд асуудал шийдвэрлээд явж болдог юм уу. Яагаад Улсын Дээд шүүх хүмүүсийнхээ нэрийг оруулж ирдэггүй юм бэ. Үндсэн хуулийн Цэц нь өөрөө хууль зөрчөөд байна шүү дээ” гээд тайлбар авахыг хүссэн юм.
Энэ талаар УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар "Байнгын хорооноос энэ оны хоёрдугаар сард Улсын Дээд шүүхэд бичиг хүргүүлсэн. Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан, оронд нь томилох хүмүүсийнхээ саналыг ирүүл гэдэг. Хоёр дахь бичиг нь өнгөрсөн долоо хоногт явсан. Өнөөдрийн байдлаар хариу ирээгүй байна. Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл парламент эгүүлэн татаж болно гэдэг зохицуулалттай. Одоогоор эрх бүхий байгууллага нь санал болгож, чөлөөлөх эрх нь тэнд үүссэн. Бидэнд шууд чөлөөлөх эрх зүйн орчин байхгүй. Бид хууль зөрчсөн гэж үзэж байгаа болно” гэсэн юм.
Ийнхүү хууль тогтоогчид Цэцийн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж буйгаа илэрхийллээ. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд Цэцийн шийдвэр хууль тогтоогчдын эсрэг гарлаа ч УИХ хүлээж авахгүй нь тодорхой болов.
Эх сурвалж: eagle.mn