Танилц: ‘COVID-19’-ийн эсрэг хамгийн амжилттай туршиж байгаа вакцин болон эмүүд

506
Энэтхэгийн Эрүүл мэндийн судалгаа, менежментийн төвийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар хэрэв “COVID-19”-ийн эсрэг вакцин гарган авч чадахгүй тохиолдолд дэлхийн нийт хүн амын 60-70 хувь нь коронавирусийн халдвар авч, сүргийн дархлаа тогтсоны эцэст цар тахал дуусах таамгийг дэвшүүлсэн. Дэлхийн хэмжээнд пүрэв гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 4427543 тохиолдол, 298059 нас баралт бүртгэгдээд байна. Энэ нь өнөөдрийн байдлаар дэлхийн нийт 7.78 тэрбум хүн амын ердөө 0.05 хувь нь коронавирусийн халдвар авсан буюу сүргийн дархлаа бий болоход асар хол байгааг илтгэж байгаа юм.
Мэргэжилтнүүдийн хувьд хүний биед сөрөг нөлөөгүй, вирусийн эсрэг өндөр үр дүнтэй эхний вакциныг гарган авч, эмнэлзүйд нэвтрүүлэх хүртэл дор хаяж 18-24 сарын хугацаа шаардлагатай гэж буй. Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн эсрэг вакцин, эм, эмчилгээний арга боловсруулах 70 гаруй туршилт, судалгаа тодорхой ахицтай үргэлжилж байна. Одоогийн байдлаар таван өөр вакцины судалгаа клиникийн нэгдүгээр шатанд хүн дээр туршилт хийж эхлээд байгаа юм. Тиймээс хамгийн ахицтай, өндөр хүлээлттэй байгаа боломжит вакцин, эм, эмчилгээний аргуудыг турших судалгааны ажлуудын хамгийн сүүлийн үеийн явцыг танилцуулж байна.
Remdesiver – Gilead Science(АНУ)
Эбола вирусийн эмчилгээнд зориулан гарган авсан энэхүү эм нь уг өвчний эсрэг тийм ч дүнд хүрч чадаагүй ч амьтад дээр хийсэн судалгаагаар коронавирусийн эсрэг өндөр үр дүн харуулсан. Санамсаргүй түүврийн аргаар “COVID-19”-ийн халдвар авсан хүмүүсийг сонгон авч “Remdesiver” эмийг уулган туршихад өвчтөнүүдийн эдгэрэх хугацааг мэдэгдэхүйц төвшинд бууруулсан юм. Энэхүү судалгааг үндэслэн АНУ-ын Хүнс, эмийн алба “Remdesiver” эмийг “COVID-19”-ийн эмчилгээнд ашиглах зөвшөөрлийг түргэвчилсэн байдлаар баталсан. Уг эмийг АНУ, БНХАУ болон Европын холбооны орнууд коронавирусийн эмчилгээнд үргэлжлүүлэн туршсаар байгаа бөгөөд тодорхой судалгааны тайлан, өгөгдлүүд энэ сарын сүүлээр танилцуулагдахаар хүлээгдэж байна.
Анхааруулга: Эрдэмтэд “Remdesiver” эмийг коронавирусээр харьцангуй хүнд өвчилсөн өвчтөнүүдэд туршиж байгаа. Тиймээс судалгаануудад ихэвчлэн хүндээр өвчилсөн өвчтөнүүд дээр хийгдсэн туршилтын үр дүнгүүд танилцуулагдана.
Kaletra (Lopinavir/Ritonavir) – Abbvie Pharmaceutical(АНУ)    
“Kaletra” бол ХДХВ-ийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй “Lopinavir” болон “Ritonavir” гэх хоёр эмийн хослол бүхий вирусийн эсрэг эм юм. Энэхүү эмийг “COVID-19”-ийн эмчилгээ, халдвар авсан өвчтөнүүдтэй ойрын хавьталд орсон хүмүүсийг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн хэмжээнд 20 гаруй тусдаа судалгаа хийгдэж байгаа аж. Судалгааны эхний үр дүнгүүд мөн энэ сард танилцуулагдах хүлээлттэй байна.
Анхааруулга: БНХАУ-д өнгөрөгч гуравдугаар сард санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан 199 өвчтөнд хийсэн судалгаагаар уг эм нь коронавирусийн эсрэг тийм ч өндөр үр дүнтэй биш гэх дүгнэлтийг танилцуулсан. Тухайлбал, 28 өдрийн турш уг эмийг халдвар авсан өвчтөнүүдэд уулгаж туршихад уг эмийг огт хэрэглээгүй өвчтөнүүдтэй харьцуулахад биеийн байдал сайжрах дундаж хугацаа ердөө нэг өдрөөр илүү байсан аж. Гэсэн ч Ухань хотын Жиньинтан эмнэлгийн судлаачид дөрөвдүгээр сард “Kaletra”-г “Bismuth potassium citrate” гэх антибиотиктой хавсруулан эмчилгээнд хэрэглэх нь “COVID-19”-ийн эмчилгээнд үр дүнтэй байгаа талаар мэдэгдсэн.
Hydroxychloroquine буюу Chloroquine
Хумхаа өвчний эсрэг ашиглагддаг энэхүү эм нь олон төрлийн вирусийн эсрэг үйлчилгээтэйд тооцогддог. “Hydroxychloroquine” болон “Chloroquine”-ийг “COVID-19”-ийн эсрэг туршихад вирусийг хүний биеийн эсэд нэвтрэх процессыг хааж байгааг тогтоосон юм. Францад хийсэн жижиг хэмжээний судалгаагаар уг эмийг эмчилгээнд ашигласан зарим өвчтөний бие сайжирсан байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Франц болон БНХАУ-д хийсэн арай том хэмжээний хоёр өөр судалгааны үр дүнд уг эмийг тийм ч өндөр үр дүнтэй биш гэх дүгнэлтийг хийжээ. Гэсэн ч дэлхийн хэмжээнд уг эмийг “COVID-19”-ийн эсрэг эмчилгээнд ашиглах маш олон туршилтыг үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.
Анхааруулга: Эрдэмтэд Hydroxychloroquine” эм хүний зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, зүрхний хэм алдуулах ноцтой гаж нөлөө үүсгэдэг болохыг илрүүлсэн. Тиймээс Европын хэд хэдэн оронд уг эмийг “COVID-19” эмчилгээнд ашиглахыг хориглож эхлээд байна.
Camostat mesylate – Орхусын их сургууль(Дани), Токиогийн их сургууль(Япон), Йелийн их сургууль(АНУ)
Архаг нойр булчирхайн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй энэхүү эмийн лицензийг Япон болон Өмнөд Солонгос улсын компаниуд эзэмшдэг. Лабораторийн эсэд хийсэн судалгаагаар энэхүү эм нь “COVID-19” вирус хүний биеийн эсэд нэвтрэх үйл явцад саад болж байгааг тогтоосон байна. Данийн Орхусын их сургуулийн эрдэмтэд өнгөрөгч дөрөвдүгээр сард уг эмийн клиникийн туршилтын хоёрдугаар үе шатыг эхлүүлсэн бөгөөд судалгааны үр дүн ирэх арванхоёрдугаар сараас танилцуулагдах хүлээлттэй байгаа юм. Мөн Токиогийн их сургуулийн эрдэмтэд “Camostat mesylate” эмийн өөр төрөл болох “Nafamostat mesylate” эмийн клиник туршилтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Харин Йелийн их сургуулийн эрдэмтдийн баг энэхүү эмийг “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор туршиж эхэлсэн байна. Энэхүү эм нь урт хугацааны турш хийгдсэн судалгаагаар өмнө нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө илэрч байгаагүй нь ихээхэн итгэл найдвар төрүүлж байгаа аж.  
Actemra(Tocilizumab) – Roche(Швейцар)
Уг эмийг хорт хавдрын өвчтөнүүдэд дархлааны системийн цитокины шуурганы эсрэг эмчилгээнд ашигладаг нэг төрлийн моноклональ эсрэг бие юм. Коронавирусийн халдвараар хүндээр өвчилсөн зарим өвчтөний дархлааны системд мөн цитокины шуурга буюу хэт их дархлааны эс ялгарах үзэгдэл ажиглагдаж, улмаар үхлийн шалтгаан болж байгаа судалгааг танилцуулсан. “Actemra” эм нь олон төрлийн үрэвсэлт болон аутоиммун өвчний эмчилгээнд ашиглагддаг интерлейкин-6 буюу “IL-6” дарангуйлагчийг чиглүүлэх үүрэгтэй аж. БНХАУ, АНУ болон Европын холбооны орнуудад уг эмийг “COVID-19”-ийн эсрэг эмчилгээнд дангаар нь болон бусад эмчилгээний аргуудтай харьцуулсан байдлаар туршиж байна. Франц улсад “Actemra” эмийг хорт хавдартай коронавирусийн халдвараар өвчилсөн өвтөнүүдэд 28 хоногийн турш уулгаж турших судалгаа хийгдэж байгаа аж.
Kevzara(Sarilumab) – Sanofi(Франц)Regeneron pharmaceuticals(АНУ)
Мөн IL-6” дарангуйлагчийг чиглүүлэгч моноклональ эсрэг бие юм. “Kevzara” эмийг “COVID-19”-ийн халдвараар хүндээр өвчилсөн өвчтөнүүдийн эмчилгээнд туршиж эхэлсэн аж. Ноцтой өвчилсөн өвчтөнүүдэд хийгдсэн туршилтын үр дүн өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр танилцуулагдсан. Судалгааны тайланд энэхүү эм нь ноцтой өвчилсөн өвчтөнүүдэд тийм ч өндөр үр дүн үзүүлээгүй юм. Тиймээс эм үйлдвэрлэгч компаниуд уг эмийг зөвхөн хүнд өвчтөнүүд дээр үргэлжлүүлэн туршихаа мэдэгдсэн байна.
Jakavi(Ruxolitinib) – Novartis(Швейцар), Incyte(АНУ)
“Jakavi” эм нь “Jak” дарангуйлагчид дундаас маш ховор тохиолддог ясны чөмөгний миелофиброз, полицитемийн вера өвчний эмчилгээнд ашиглагддаг. Канад болон Мексик улсуудад энэхүү эмийг цитокины шуурганы дархлааны хариу урвалаас үүдэлтэй уушгины хатгалгаагаар хүнд өвчилсөн “COVID-19”-ийн халдвар авсан хүмүүст туршиж эхлээд байгаа аж. Туршилтын урьдчилсан үр дүн ирэх зургадугаар сараас танилцуулагдах хүлээлттэй байна. Швейцарын биотехнологийн “Novartis” компани өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр уг эмийг “COVID-19”-ийн халдвараар хүнд болон ноцтой өвчилсөн өвчтөнүүдийн эмчилгээнд турших судалгааг эхлүүлжээ.
Вакцины тухайд
mRNA1273 вакцин – Moderna(АНУ), АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн
Мессенжер РНХ-ээс гарган авсан энэхүү РНХ вакцин нь коронавирусийн гадаргуу дээрх титэм хүний биеийн эсэд холбогдох процессыг түгжих үйлчилгээтэй. Уг вакцины клиникийн туршилтын нэгдүгээр үе шат 18-45 насны 45 хүн дээр АНУ-ын гурван өөр байршилд хийж байна. Клиникийн туршилтаар вакцины сөрөг нөлөө, вирусийн эсрэг үйлчлэлийг судлах аж. Клиникийн туршилтын нэгдүгээр үе шат ирэх зургадугаар сарын 1-нд дуусах хуваарьтай бөгөөд үр дүнг нэн даруй танилцуулна гэсэн хүлээлттэй байгаа юм.  
Lentviral Minigene вакцин(LV-SMENP) - Шенженийн Геноиммун Анагаах Ухааны Институт(БНХАУ)
БНХАУ-ын Шенжен хотод 100 гаруй насанд хүрсэн хүн дээр клиникийн туршилтын нэгдүгээр үе шатыг хийж эхэлсэн. Туршилт ирэх долдугаар сарын 31-нд дуусахаар төлөвлөсөн бөгөөд мэргэжилтнүүдийн хувьд хамгийн өндөр хүлээлт үүсгээд байгаа “COVID-19”-ийн эсрэг боломжит вакцин юм.
NVX-CoV2373 вакцин – Novavax(АНУ)
АНУ-ын вакцин хөгжүүлэгч “Novavax” компани тавдугаар сарын дунд үеэс клиникийн туршилтын нэгдүгээр үе шатыг эхлүүлэхээр бэлдэж байна. Туршилтад 130 насанд хүрсэн сайн дурын иргэнийг хамруулах бөгөөд компанийн удирдлагууд судалгааны үр дүнг ирэх долдугаар сараас танилцуулахаа мэдэгдсэн. “NVX-CoV2373” вакцин амьтад дээр хийгдсэн туршилтууд коронавирусийн эсрэг маш өндөр үр дүн үзүүлсэн ч хүн дээр хийх туршилтууд хоёр тун хийгдэх учир мэргэжилтнүүд эхний үр дүнд тийм ч итгэл төгс биш байгаа аж.
BNT162 вакцин – Biontech(Герман), Pfizer(АНУ)
Германы эрдэмтэд мессенжер РНХ-ээс гарган авсан уг вакцины клиникийн туршилтын нэгдүгээр үе шатыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр эхлүүлсэн. Харин АНУ-д клиникийн туршилтын нэгдүгээр үе шат тавдугаар сарын эхэнд эхэлсэн. Германы “Biontech” болон АНУ-ын үндэстэн дамнасан “Pfizer” компаниуд нь өмнө нь хамтран томуугийн эсрэг вакцин амжилттай гарган авч байсан туршлагатай. “Pfizer” компанийн удирдлагуудын мэдэгдсэнээр АНУ-ын Хүнс, эмийн алба “COVID-19”-ийн эсрэг “BNT162” вакциныг ирэх аравдугаар сар гэхэд түргэвчилсэн байдлаар эмнэлзүйд батална гэж найдаж байгаа бөгөөд 2020 оны төгсгөл гэхэд 20 сая тунг үйлдвэрлэж, ирэх онд хэдэн зуун сая тунг үйлдвэрлэх боломжтой аж.
INO-4800 вакцин – Inovio Pharmaceuticals(АНУ), CEPI
Клиникийн туршилтын нэгдүгээр үе шатыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 3-нд албан ёсоор эхлүүлсэн. АНУ-ын Inovio Pharmaceutical компанийн удирдлага судалгааны үр дүнг ирэх зууны сүүлчээр танилцуулахаа мэдэгдсэн. Мөн түргэвчилсэн журмаар “COVID-19”-ийн эсрэг уг вакциныг АНУ-ын Хүнс, эмийн алба эмнэлзүйд батална гэж найдаж байгаа бөгөөд компани одоогоор жилд нэг сая тун үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа аж. Харин “CEPI” буюу олон улсын Эпидемиологийн бэлэн байдлын шинэчлэлийн эвсэл уг вакциныг хамгийн түрүүнд вакцин нэн шаардлагатай ядуу, буурай орнуудад хямд үнээр түрүүлж нийлүүлэхээ мэдэгдсэн.
AD5-nCov вакцин – Cansino Biological(БНХАУ), Бээжингийн Биотехнологийн институц
Хятадын эрдэмтэд энэхүү рекомбинант вакцины клиник туршилтын нэгдүгээр үе шатыг өнгөрөгч гуравдугаар сард 18-60 насны 108 сайн дурын туршилтад хамрагдагчдыг хамруулан Ухань хотод эхлүүлсэн юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-нд AD5-nCov вакцины хүний биед үзүүлэх сөрөг нөлөөг судлах клиникийн туршилтын хоёрдугаар үе шатыг санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан 500 хүнтэйгээр эхлүүлээд байна. Клиникийн туршилтын нэгдүгээр үе шатны үр дүн 2020 оны арванхоёрдугаар сард, хоёрдугаар шатны туршилтын үр дүн ирэх оны нэгдүгээр сард танилцуулагдах хүлээлттэй байгаа юм. 

О.Мөнхбат
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn