Афганистан улс хоёр ерөнхийлөгчтэй боллоо

500
Афганистан улсад өнгөрсөн оны есдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж, өмнөх ерөнхийлөгч Ашраф Гани дахин сонгогдож байжээ. Харин түүнтэй өрсөлдөж ойролцоо санал авсан эмч мэргэжилтэй Абдуллах Абдуллах сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй олон сарын турш маргалдсан юм. Өнгөрсөн сард тэд тус тусдаа тангараг өргөх ёслол зохион байгуулж байв. Тэгвэл Ням гарагт Гани, Абдуллах нар эрх мэдлээ хуваалцаж, хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Тэд ижил тооны сайд нарыг хувааж удирдах юм байна. Доктор Абдуллах нь тус улсын засгийн газрын Талибан хөдөлгөөнтэй энхийн гэрээ байгуулах ажлыг удирдахаар болжээ. Абдуллах нь өмнөх засгийн газарт мөн өндөр албан тушаал хашиж байсан хүн юм. 
Өнгөрсөн сард Талибан хөдөлгөөний удирдагчид Афганистаны засгийн газартай хийж байсан яриа хэлэлцээрээ зогсоож, зөвшилцөл мухардалд орж байв. АНУ, Талибаны талууд өмнө нь олзлогсдыг харилцан солилцох тохиролцоо хийгээд байсныг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр талууд санал зөрчилдсөн байна. Сүүлийн үед Талибан, Исламын улс зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийн халдлага нэмэгдэж, энгийн хүмүүс олноор амь үрэгдэж байгаа. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Кабул хотын төрөх эмнэлэгт үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд халдах үеэр нийт 24 хүн амь үрэгдсэний дотор шинээр мэндэлсэн нярай хүүхдүүд, төрөөд удаагүй эхчүүд байсан юм. Гани, Абдуллах нар улс төрийн маргаанаа өндөрлүүлж, зөвшилцөлд хүрсэн явдал нь Афганистаны олон жилийн дайн, тогтворгүй байдлыг арилгах чиглэлд ахиц дэвшил гарч магадгүй гэсэн найдлага төрүүлж байна. 

Р.Төмөр 
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn