"Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" видео уралдаан зарлалаа
Ховд аймагт амьдарч байгаа 11-15 насны хүүхэдтэй гэр бүлийн дунд “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” тик ток видео уралдаан зарлалаа. Тус уралдааныг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэхүү уралдаанд тус аймагт амьдарч байгаа 11-15 насны хүүхэдтэй гэр бүлийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна. Уралдааны зорилго нь шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэл багатай даван туулахад гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, дурсамж бүтээхэд чиглэж буй.
Уралдааны үйл ажиллагаа тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд оролцогчдын бүтээлийг “Ховдын хүүхдүүд” цахим хуудсанд байршуулахаар төлөвлөж байна. Оролцогчид бүтээлч, хөгжилтэй зохиомж бүхий тик ток видео ирүүлэх боломжтой. Ингэхдээ бүжиг, дуу, хошин шог гээд дуртай төрлөөс сонгох учиртай юм. Мөн гэр бүлийн 2-3 гишүүн оролцох, видео бичлэг 1-3 минутад багтсан байх зэрэг шаардлага тавьжээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлээс эхний гурван байрыг шалгаруулж, шагнаж урамшуулна. Мөн бүтээлийг олон нийтийн хүртээл болгоно гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Н.Лхагва