“Ганцад” орсон тойргуудын санал хураалтыг хойшлуулъя

425
Хуучин цагт мөрдөнд орохыг “Ганцад суулаа” гэдэг байв. Одоогийн Урьдчилан саатуулах 461 дүгээр ангийг тэгж нэрлэдэг байв. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн зургаан хүнийг урьдчилан саатуулах байранд хорилоо. Энэ нь УИХ сонгуулийн зургаан тойрог дээр тэгш биш байдал үүслээ гэсэн үг юм. Монгол Улсад бүрэн хэмжээгээрээ эрх мэдлээ тогтоосон Үндэсний аюулгүй байдлын газрын дарга нарын тохироогоор тэдний дургүй хүмүүсийг шоронд хийж байгаад явуулдаг сонгууль гэж ч юу байхав. С.Баярцогт, Да.Ганболд,Б.Бямбасайхан, Н.Номтойбаяр, Ж,Эрдэнэбат, Х.Бат-Ялалт нарыг та бүгд хараад хэн нь хэний дургүйг хүргэсэн бэ гэдгийг улс төр сонирхдог нь байтугай сонирхдоггүй нь шууд хэлчихнэ. Хуучин хонзонтой, бас ирээдүйд өсөлдөгч болж магадгүй хүмүүсээ зүгээр л шоронд хийдэг болсон байгаа биз. Ерөнхийлөгчийн хонзонтой, Ерөнхий сайдын хонзонтой, яваандаа намд нь шилийг нь хазаж магадгүй хүмүүс юм, эдгээр хоригдогсод. За тэр УИХ-ын дарга бол яахав, юугаа ч мэдэхгүй яваа амьтан. Тэгэхлээр Сонгуулийн Ерөнхий Хороо эдгээр шоронд орчихсон нэр дэвшигчдийн тойрогт сонгуулийг хойшлуулах хэрэгтэй байна. Энэ бол СЕХ -ны мэдлийн ажил мөн байх учиртай.
Ардчилсан нийгмийн хамгийн чухал юм бол шударга сонгууль явуулахад байдаг. Нэр дэвшигчдээс заримыг нь шоронд хорьчихоод заримыг нь сурталчилгаагаа хийгээд сонгогд гэх нь яагаад ч шударга сонгууль биш юм. Хэрэв сонгууль ийм шударга биш явагдвал дотоодод үймээн бужигнаан үүсэх магадлалтай. Үүнээс гадна гадаадад манай сонгуулийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь эргэлзээтэй. Сонгууль хүлээн зөвшөөрөгдөхгүй бол олон улсад гадуурхагдан элдэв хориг, элдэв муу жагсаалтаас салахгүй юм болдог. Хэрэв СЕХ эдгээр тойрог дээр санал хураалтыг хойшлуулахгүй бол иргэдэд ганц найдах юм бол хэнд санал өгөх вэ гэдгээ сайн шийдэх хэрэгтэй. Нэг намаас дангаар нь сонгож болохгүй, бид нэг намын 65 гишүүн гаргаад ясандаа тултал шулуулчихаад сууж байгаа шүү. Энэндээ ч биш, шинэ УИХ 39 гишүүний саналаар хууль батална. Тэгэхлээр нэг намаас олон гишүүн сонгож болохгүй. МАН-ын 65 гишүүн гараад юуг ч хуйвалдан хийдэг болсон. Одоо бүүр байчихаад төрийг гурван хүн мэддэг байхаар болгочихоод сууж байна. Иргэд аль болох олон нам, бие даагчдаас гишүүн сонгохоор эрмэлзэх хэрэгтэй байна. Олон намаас, бас бие даагчдаас сонгогдсон гишүүд саналаараа юуг ч удирдах эрхтэй болно. Тиймээс шударга сонгууль явуулдаг жишиг тогтоохын тулд эдгээр шоронд орсон нэр дэвшигчидтэй тойргуудад дахин сонгууль зарлах хууль батлах хэрэгтэй байна. Ингэж байж энэ нэр дэвшигчдийг нь шоронд хорьж байгаад өөрсдийн хүнээ ялуулж шударга бус сонгууль явуулах гэсэн эрмэлзлийг таслан зогсооно. Асуудал иймдээ хүрэлгүйгээр уул нь СЕХ, нэр дэвшигчид нь шоронд орсон тойргуудад санал хураалтын товыг хойшлуулах улс төрийн зориг гаргах хэрэгтэй. Ингэх нь ардчиллыг аварч байгаа хэрэг юм. 

Ж.Дорж
Эх сурвалж: Өдрийн сонин   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn