Х.Баттулгын хонгилоос илүү хонгилоос зугтаж яваа хүмүүс муухай харагдах гээд байна

492
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гаригт БНХАУ-д ганцхан өдрийн айлчлал хийгээд ирэхдээ монголчуудыг 30 мянган хонины “өрөнд” унагав. Түүнийг айлчлалаас эргэж ирсний маргаашаас эхлэн орон нутагт “хонь хандивлах” аян өрнөснөөс үзвэл тэрээр байхгүй хонио хандивласан болж таарав. Увс аймаг 2000 хонь, Баянхонгор аймгийн бүх 20 сум тус бүр 100 хонь хандивлахаар болсон гэнэ. Булган аймгийн Засаг дарга хонь хандивлахаар амласан чинь аймгийн Ардчилсан намын дарга зөрүүлээд бас хонь амласан гэх.
Хоньгүй мань мэтэд бол сайхан л сонсогдож байна. Улсын нэр нүүр шүү дээ. Харин хонио тоолох хүмүүст нь яаж сонсогдохыг таашгүй. Зүйрлэвэл, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ноогдол ашгийг маань биднээс асуулгүйгээр шинэ төмөр замын төсөлд хандивлачихсантай л ижил юм болов. Гэхдээ айлын хоттой хониноос төлөг суйлах нь хувьцааны ноогдол ашиг хураахаас арай л өөр байх. Эрхбиш бүхэл бүтэн улсын нэр нүүр байна, амласан хонио өгчих ёстой юмсан.
Гэснээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Парламент” телевизээр ярилцлаганд орж, олон улсын түвшинд явуулж буй ажил хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, цаазын ялыг халах асуудал, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө сэтгэлээ чилээж явдаг хүн юмсанж. Харин энд манай хуулийн байгууллагууд экс Ерөнхийлөгчөө интерполоор эрэн сурвалжлахдаа тулаад байгаа. Мань хүн гэвч “Х.Баттулгын шүүхэд очихгүй ээ” гэсэн байна. Харин Э.Бат-Үүл түүнийг “Х.Баттулгын шүүхтэй тэгж тэмцэхгүй ээ. Ц.Элбэгдорж энд ирээд тэмцэх хэрэгтэй” гэсэн байна лээ.
Экс Ерөнхийлөгчийн маань энэ удаагийн ярилцлагаараа бас нэг цочирдмоор мэдээ дуулгасан нь “Хууль, шүүхийн байгууллага институт байхаа больсон, аймхай улсуудын цуглуулга болсон. Х.Баттулга хуулийн байгууллагын удирдлагуудыг томилохдоо “Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү” гэдэг өргөдлийг нь бичүүлж аваад сэйфэндээ хадгалдаг” гэв. Тэгээд л мань хүн “Х.Баттулгын шүүхээр орохгүй ээ” гэсэн байх.
Хүн л юм болохоор түүнд ч гэсэн айдас байдаг л биз. Хонгилын түлхүүр өөр хүнд шилжчихсэн шүү дээ. Гэвч Х.Баттулга гэдэг хүний шүүхээр ганц Ц.Элбэгдорж ордоггүй гэдгийг тэр хүн эрх биш санах ёстой. Монголын шүүх шударга байх нь ганц Ц.Элбэгдоржийн ч биш, шүүхээр орж байгаа иргэн бүрийн эрх ашиг. Тиймээс л Э.Бат-үүл “Ирж байгаад тэмцэх хэрэгтэй” гээд байгаа хэрэг.
Учир нь Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцэхдээ цовдлуулахаас ч буцахгүй байх хувь тавилантай” хүмүүсийн нэг нь Ц.Элбэгдорж өөрөө. Эхнэрээ эмчлүүлнэ гэж яваад АНУ-д орогнож байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч бас тэр хувь тавиланг хуваалцах ёстой хүмүүсийн нэг. Олон улсад нэр хүндтэй хуулийн фирм хөлсөнсөн хүн "Монголын шүүх ингэж хууль зөрчиж байна, шударга ёс ингэж алдагдсан байна" гээд Х.Баттулгын "хонгилын" шүүхийг шүүгчтэй нь хамт салам ниргээд өг л дөө. 
Манай улстөрчид ярьдаг даа, ялыг нь үүрсэн юм чинь ямбыг нь эдэлнэ гэж. Одооноос энэ үгийг араас нь уншиж сурах ёстой юм шиг. Ямбыг нь эдэлсэн юм чинь ялыг нь үүрнэ гэж. Ялангуяа нэг улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд байсан хүмүүс сайн ч бай, саар ч бай хуулийн байгууллагаа дуудсан цагт ирээд үгээ хэлчихдэг улс төрийн соёлтой, ёс суртахуунтай байх ёстой.
Тэгэхгүй дэлхийгээр нэг тэнээд, улсаа, төрөө, хууль шүүхийн байгууллагаа шившиглээд, твиттер, фэйсбүүкээр зарга хийгээд, далимд нь гэмгүй ард иргэдээ басамжлаад баймааргүй байна. Хэрэв ингэвэл шүүх хэний гарт байхаас илүү шүүхээр хэн ордог, ордоггүйн тухай ярих ёстой болно. Х.Баттулгын үүсгэсэн хонгилоос илүү хонгилоос зугтаж яваа хүмүүс муухай харагдах гээд байна. 

Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn