Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Б.Долгорт хүндэтгэл илэрхийлэв
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ахмад ажилтан Б.Долгорт өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.
“Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ахмад ажилтан, Алдарт эхийн 1, 2 дугаар одонт Буянгийн Долгорт "Мэс заслын тасаг"-ийн санаачилгаар байгууллагын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс “Талархал” илэрхийлжээ. Улмаар тус төвийн Анагаах ухааны магистр ,Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, гемодиализийн их эмч Т.Энхцэцэг түүнд дурсгалын зүйл гардуулав.
Мөн түүнийг “Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны “Нийгмийн зүтгэлтэн одон”-гоор шагнасан байна. Тус шагналыг Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, дотрын их эмч Б.Амаржаргал гардуулан өгч,баяр хүргэлээ.
Ахмад ажилтан Буянгийн Долгор 1922 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн бөгөөд одоо 99 настай. Анх 1965 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт угаагчаар орж, улмаар 1970 оноос мэс заслын тасагт асрагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.
Улсад тасралтгүй 30 жил ажилласан байна. Төр засаг, аймаг орон нутгаас ажил хөдөлмөрийг нь өндрөөр үнэлж, Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух”, Ховд хотын “Хүндэт иргэн”, таван жилийн гавшгайч цол тэмдгээр хоёр удаа шагнажээ.
Б.Долгор гуай есөн хүүхэд төрүүлж, хүмүүжүүлсэн юм. Тэрбээр одоо зургаан хүүхэд, 40 орчим ач, зээгийн хамтаар Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд өөрийн ажиллаж байсан эмнэлэгтээ асаргаа сувилгаа хийлгэхээр ирсэн байна. Түүний ажлыг үргэлжлүүлэн төрсөн хүү, охин, мөн ач охин нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж буй. Тус байгууллагын хамт олны зүгээс Б.Долгор гуайд эрүүл энх, аз жаргалтай амьдрахыгхүсэн ерөөв.