Улсын хошой аварга малчин Д.Даваагийнх жил бүр 500-600 км отор нүүдэл хийж байна

279

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин Дугаржавын Давааэнэ жил Монгол Улсын хошой аварга малчин боллоо. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд Улсын аварга малчин болж байжээ. Мөн 33 жилийн өмнө тус сумын малчин Ч.Нука "Монгол Улсын хошой аварга"-аар шалгарч байсан бол Д.Даваа нь Булган сумаас төрж буй хоёр дахь "хошой аварга" болж байгаагаараа онцлогтой. 
ХИЛЧИН-МАЛЧИН   

Тэрбээр эх орныхоо баруун хязгаар Байтаг, Уушгийн ууланд 28 жил мал маллаж бас хилээ манаж яваа "хилчин-малчин"юм.  Хилийн зурвас дагуу нутаглаж малаа малладаг учраас Хил хамгаалах туслах хүчний гишүүний үүрэгтэй. Иймээс Хил хамгаалах туслах хүчний гишүүн бол "мөнхөд халагддаггүй цэрэг" гэж нутгийн иргэд ярьж байна.       
Д.Даваа нь 1975 онд төрсөн. 46 настай. Ам бүл 6 буюу эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.2002 онд Баатарын Тунгалагтай гэр бүл болохдоо 300 гаруй толгой малтай байжээ. Тэгвэл өдгөө Д.Даваагийнх 2200 гаруй толгой малтай. Бэлчээр, ургамал нь тохиромжтой, авах ашиг шим нь арвин учраас сүүлийн жилүүдэд тэмээн сүргийг түлхүү өсгөхийг чухалчилж байна. Энэ хавар 600-гаад толгой мал төллөх аж.
Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хугацаандаа малын тоо биш чанарт анхаарч жил бүр 500-600 гаруй толгой малыг зах зээлд борлуулж, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, жилд дунджаар нэг хониноос 2 кг ноос, ямаанаас 0.4 кг ноолуур, тэмээнээс 5 кг ноос авч үндэснийхээ үйлдвэрт тушааж байна. Үүнээс гадна үнээ, гүү, хонь, ямаагаа саальд бүрэн хамруулж сүү цагаан идээ боловсруулан өөрийн хэрэгцээгээ хангаж, илүү гарсан бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлдэг.  

Жилд мал аж ахуйн орлогоосоо тодорхой хувийг аж ахуйгаа өргөтгөх, хашаа хороогоо засаж сэлбэх, худаг ус гаргах, бэлчээрээ хамгаалах амьдрах орчныг сайжруулах зэрэг ажилд зарцуулдаг юм.Тодруулбал, туслах малчин болон багийн орлого багатай залуучуудыг цалинжуулан ажиллуулж байна. Байтаг ууланд байдаг “Ганц модны өвөлжөө”-нд энгийн хороо нэг, төлийн дулаан байр нэг барьсан бөгөөд булгийг торлон хамгаалж, ундны болон мал услах боломжтой болгосон байна. 
Мөн хадлангийн иж бүрэн бага оврын трактор худалдан авч өвлийг өнтэй давж төл малаа мэнд бойжуулахын тулд өөрийн эзэмшилд байдаг хадлангийн талбайг усжуулан хамгаалж, 2020 онд 40 тонн, 2021 онд 45 тонн байгалийн хадлан бэлтгэжээ. 
Торгууд үүлдрийн хуц, Алтайн улаан үүлдрийн ухна, “Мөнгөн сорт” ухнаар мал сүргийнхээ бүтцийг сайжруулжээ 

Нэг малаас авах ашиг шим гарцыг сайжруулах үүднээс хонио мах ноосны чиглэлийн торгууд үүлдрийн хуцаар, ямааныхаа 40 гаруй хувийг Алтайн улаан үүлдрийн ухна, 30 гаруй хувийг нутгийн шилмэл үүлдэр “Мөнгөн сорт” ухнаар сайжруулсан бөгөөд бог малд эзлэх хонины тоог 2017 оны байдлаар 55 хувьд хүргэж чаджээ. 
Мал маллагааныхаа арга ажиллагаанд өөрийн аав, ах болон тус багаас төрөн гарсан Улсын аварга малчин Л.Даваа, Н.Ээбаатар болон бусад туршлагатай малчдын заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилладагбөгөөд жил бүр 500-600 километр отор нүүдэл хийж байна 
Ийнхүүмал сүргээ маллахын хажуугаар улсынхаа хилийг манаж яваа малчин Д.Даваагийн шагналыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өгч баяр хүргэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn