Булган суманд хаваржилт хэвийн байна

388


Ховд аймгийн Булган сумаас тодорсон аварга саальчин, малчдын шагналыг гардуулан өгөх үеэр зарим малчдын төлөөлөлтэй уулзаж, ажил үйлсийнх нь талаар сурвалжиллаа. Тус суманд хаваржилт хэвийн, мал төллөлт үргэлжилж байна.  
Г.ЖАРГАЛ:Жилд 200-300 кг ааруул, 50-60 кг тос, сүүн бүтээгдэхүүн бэлтгэдэг  

Ховд аймгийн Булган сумын Баянгол баг 270 орчим малчин өрхтэй. Тус багаас анх удаа “Аймгийн аварга саальчин” цол хүртсэн Гүрүүгийн Жаргал гуай мал аж ахуйн салбарт ажиллаад 40 гаруй жилийг ардаа үджээ. 
Түүний ажлын гараа 1980-аад оноос эхлэлтэй бөгөөд өдийг хүртэл нөхөр М.Өлзийбаатарын хамт үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ айраг, тос, сүү цагаан идээ боловсруулан зах зээлд нийлүүлэх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.
Булган нутгийнхаа хөдөлмөрч, хичээнгүй ард иргэд, азай буурлуудаасаа суралцаж, өөрийн ажлын туршлагаа залуу үеийнхэнд үлгэрлэж яваа саальчин Г.Жаргал гуай “Жаргалын зам” нэгдлийн Баянгол бригадын сүүний заводод 10-аад жил ажилласан бөгөөд заводынхаа хоёр удаагийн 7, 8 дугаар таван жилийн гавшгайч, шилдэг тэргүүний саальчнаар удаа дараа шалгарч байсан түүхтэй. 
Аймгийн аварга саальчин Г.Жаргал гуай одоо ч гэр бүлийн гишүүдийн дэмжлэг, хамтын хүчээр төллөсөн малаа саалинд бүрэн хамруулж, жилд дунджаар 200-300 кг ааруул, 50-60 кг тос, сүүн бүтээгдэхүүн бэлтгэж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.   
Энэ өрх айл Булган сумын Баянгол багийн нутаг, Хагшаал, Зүүн салаа, Шатдын нуруу, Улиаст хэмээх газраар буурь сэлгэн нүүдэллэж, мал сүрэгтээ тарга хүч авахуулдаг. Үүний зэрэгцээ мал сүргээ эрүүл байлгах үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамруулж, бэлчээрийн даацад малынхаа тоог тохируулж, тодорхой хуваарьтай ашиглаж ирсэн гэж хуучиллаа.
А.КЫЗЫРБЕК:Ямаан сүргийн тоо толгойгоор багтаа тэргүүлж байна

Ховд аймгийн Булган сумын Баян судал багийн малчин А.Кызырбекийн гэр бүл “Аймгийн аварга малчин” цол хүртлээ. 

Баян судал багийн тухайд 265 малчин өрхтэй. Үүнээс малчин А.Кызырбек эцэг, эхээс өвлүүлсэн мал маллагааны арга туршлагаараа манлайлж, одоогийн байдлаар Баян судал багтаа хамгийн олон ямаа тоолуулсан байна.
Тэрбээр гэргий К.Дийнаатайгаа хамтдаа мал маллахын зэрэгцээ 12 хүүхдийг өсгөн хүмүүжүүлж, 18-25 насны дөрвөн залууг үе удам залгасан малчин болгожээ.
Энэ өрх айл Булган голоо түшиглэн “Хулсан тохой” хэмээх газарт олон жилийн турш нутаглаж байгаа бөгөөд аавынхаа аварга болж байсан энэ л буурь бууцан дээр хүндтэй шагналаа гардан авч байгаадаа баяртай байлаа. 
Ах дүү төрөл саднаа дэмжин малжуулж, хамтдаа хөдөлмөрлөж яваа малчин А.Кызырбек Монгол Улсынхаа мөнгөн сорт ямааны удам угшлийг үржүүлж ирсэн бөгөөд сүүлийн таван жилд Баян-Өлгий аймгаас Дон тэх авч, малын үржил селекцид ашиглах болжээ.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгийнхаа зарим ажилд мөнгөн дэмжлэг, хандив тусламж үзүүлж буй.
                   С.ЭНХ-АМГАЛАН: Гурван өрхөд 500 гаруй толгой мал үнэ төлбөргүй олгож малжуулжээ

“Аймгийн Хошой аварга малчин”-аар шалгарсан Булган сумын Баянгол багийн малчин Содномдоржийн Энх-Амгалангийн гэр бүл жилийн дөрвөн улиралд бэлчээр сэлгэн нүүдэллэж, мал сүргээ таван төрөл дээр нь үржүүлж буй.
Залуу малчинС.Энх-Амгалангийнх өдгөө “Уст мэлхий” хэмээх газарт хаваржиж байна. Эднийх мал сүргийнхээ үүлдэр угсаа, чанарыг сайжруулах зорилгоор зэргэлдээ аймаг, сумдаас нутгийн шилмэл омгийн хээлтүүлэгчийг авдаг бөгөөд Доод нарийн, Сөнхөл, Хагшаал, Булган голыг түшиглэн жилд 100 гаруй км отор хийж, малдаа дээд зэргийн тарга хүч авахуулж байна.
Одоогоор1400 гаруй толгой малтай. Энэ хавар 300 гаруй төл хүлээн авахаас мал төллөлт 80 орчим хувьтай үргэлжилж байна.
Өндөр уулс, байгалийн өвөрмөц тогтоц бүхий энэ нутагт аж төрж, мал маллагааны уламжлалт арга, өв соёлоо хадгалсаар яваадаа залуус талархалтай байлаа.Түүнчлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд баг, сум орон нутгаас зохион байгуулсан ажилд идэвхтэй оролцдог малчдын нэг бол С.Энх-Амгалан. Тэрбээр мал маллах хугацаандаа нутгийн гурван өрхийг дэмжиж, 500 гаруй толгой малыг үнэ төлбөргүй олгож, малжуулсан гэлээ.

А.ТИХАТ:3-4 өрхийг дэмжин малжууллаа

Булган сумын Баянгол багийн нутаг, Ямаат, Гэлэн, Цүнхэл хэмээх газраар нутаглаж, 20 гаруй жилийн хугацаанд эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж буй малчин А.Тихат хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, “Аймгийн аварга малчин” боллоо.

Түүний аав К.Асхав нутагтаа хүндлэгдсэн “Аймгийн аварга малчин”, “Малын тарга хүчний аварга” цолтон байсан бол хүү нь ингэж малч удмынхаа хэлхээг нэр төртэй үргэлжлүүлэн, аварга аавынхаа мал маллагааны туршлага, амжилт ололтыг бататгаж яваад нутгийн зон олон билэгшээж байна.    
Аймгийн аварга малчин А.Тихат, түүний гэргий З.Маира нар зургаан хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, заримыг нь тусад нь гаргахын зэрэгцээ сүүлийн 4-5 жилийн хугацаанд 1000-аас дээш толгой мал тоолуулжээ.   
Эднийх одоо Баянгол багийн нутаг, “Морь барьдаг” хэмээх газарт хаваржиж байгаа бөгөөд 300 гаруй төл мал хүлээн авахаас 90 гаруй хувьтай үргэлжилж байна.    
Малчин А.Тихат нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум, багийн ажилд идэвхтэй оролцдог бөгөөд 3-4 өрхийг дэмжиж, 300 гаруй толгой малыг үнэ төлбөргүй өгч малжуулсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn