Ховд аймагт 2000 гаруй мал хорогдоод байна

220


Ховд аймгийн 17 сумын 91 багт 9397 өрхийн 3876.4 толгой мал мал өвөлжиж байна. Мөн дөрвөн сумын 69 өрхийн 46.1 мянган мал Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Завхан зэрэг аймагт отороор өвөлжиж байгаа бол Ховд аймгийн Дарви сумын Баяннурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын оторын бүс болон хилийн зурвас бүс нутагт нийт 1346 өрхийн 720.1 мянган мал өвөлжиж байгаа аж.
Зуншилга тааруу болж, өвс, тэжээлгүйн улмаас Чандмань, Дөргөн, Эрдэнэбулган, Ховд, Цэцэг, Дарви сумдад харын зуд болж буй талаар тус аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Алтанбадралт мэдээллээ. Өнөөдрийн байдлаар хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрч буй 8 суманд нйит 2056 толгой мал хорогдсон мэдээ байна.

Аймгийн Онцгой комиссоос цасанд боогдсон малчдыг цас багатай баг, сум руу нүүлгэж, Их болон Бага улаан даваа, Хавтаг, Байтагийн чиглэлийн зам хаагдсан байсныг шуурхай арга хэмжээ авч нээсэн байна. Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон ХХААХҮГ, МЭЕГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд орон нутгийн удирдлагуудын хамт Ховд аймгийн өвөлжилт хүндэрч байгаа Булган, Үенч, Алтай сумдуудад ажиллалаа. Тулгамдаад буй нөхцөл байдалд аймгийн Онцгой комиссынхон чадлаараа ажилласан нь харагдаж байна. Гэсэн ч цаашид малчид иргэдийнхээ санаа бодлыг сонсож, айл өрхөд газар дээр нь очиж төрийн үйлчилгээг үзүүлэх нь чухал байгааг анхаарах хэрэгтэй. Засгийн газар болон Улсын Онцгой комиссын зүгээс аймгийн Нөөцийн газарт 733 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож, Булган, Үенч сумдад шатахуун болон өвс, тэжээлийн дэмжлэлийг үзүүллээ. Цаашид өвлийг өнтэй давах, хаварыг хохирол багатай давахын тулд байгаа нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг хүсье” гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 277 дугаар тогтоолын дагуу сумдын аюулгүйн нөөцөд 676 тонн өвс, 320.6 тонн тэжээл бэлтгэн нөөцөлсөн бол аймгийн аюулгүйн нөөцөд 244.3 тонн өвс, 272.5 тонн тэжээл бэлтгэсэн байна. Үүнээс одоогийн байдлаар 687.4 тонн өвс, 565 тонн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn