ХОВД: Үе тэнгийнхээ хүүхдүүдэд зодуулсан 15 настай охин нас баржээ

240

/2023.02.06/ Үе тэнгийн хүүхдүүд нэгнээ дээрэлхэж, улмаар зодуулсан гэх 15 настай охин эмнэлэгт ирээд нас барсан хэрэг Ховд аймагт гарчээ.
Энэ талаар тус аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмчилгээ хариуцсан орлогч дарга Н.Баясгалмаа Ховд.мн сайтад мэдээлэл өгсөн байна. Тэрээр:
-Тухайн охин 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр манай Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт эгчийнхээ хамт ирж, тусламж үйлчилгээ авсан. Ингэхэд охин дагзны хэсэгтээ зүсэгдсэн шархтай, амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан. Тухайн үед ажиллаж байсан манай эмч тусламж үйлчилгээ үзүүлж, зүсэгдсэн газар оёдол тавьсан. Мөн эмийн эмчилгээний зөвлөгөө өгөөд гэрт нь буцаасан байдаг. Охин маргааш нь буюу 13-ны өдөр мөн манай яаралтай тусламжийн газарт ирж үзүүлсэн. Энэ үед ч гэсэн биеийн байдал, амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан. Үүнээс хойш 27-ны өдөр дахин ирж үзүүлсэн байдаг. Харин маргааш нь буюу 28-ны өдөр ирэхэд охины биеийн байдал нэлээд дордож, амин үзүүлэлтүүд багассан байсан. Тиймээс гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Хэвтэхээс нь өмнө бид яаралтай тусламжийн тасагт цус, биохимийн шинжилгээ, тархи, нугасны шингэн авсан байгаа.
Тухайн хүүхэд гавал тархиндаа гэмтэлтэй, ухаан санааны байдал нэлээд дордсон байсан учраас оношилгооны зорилгоор тархи, нугасны шингэн авсан. Улмаар тусламж үйлчилгээ үзүүлж байсан ч охины биеийн байдал муудаж яаралтай эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн байдаг. Стандарт удирдамжийн дагуу эмчилгээ хийж байсан боловч охин нас барсан.
Тухайн охин гэрээр эмчийнхээ зөвлөсөн эмийг хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй. 28-ны өдөр ирэхэд охины бие нэлээд муудсан байсан учраас хэвтүүлсэн. Үүнээс өмнө ирж үзүүлэхэд яаралтай хэвтүүлэх хэмжээнд хүрээгүй байсан. Хүүхэд манайд 4 удаа ирсэн. Хамгийн сүүлд ээжтэйгээ ирсэн гэлээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn