ХОВД: Сумдад "Зуслангийн нэг өдөр" үйл ажиллагаа өрнөж эхэллээ

285
Өндөр уулын бүс нутагт зусаж буй айл өрх, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоорХовд аймгийн сумдад тусгай хуваарийн дагуу “Зуслангийн нэг өдөр” үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санаачилгаар зохион байгуулж буй тус үйл ажиллагаа өчигдөр (2023.07.18) Мөнххайрхан сумаас эхэллээ. 

Тус сумын Хаг багийн нутаг "Их хотгор" гэх газарт зохион байгуулсан “Зуслангийн нэг өдөр”-өөр Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, халамж, Статистик, Газрын харилцаа, Invest Khovd зэрэг төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонсов.

Мөн Монгол Улсын Гавьяат эмч С.Цэвээнсүрэн, Ж.Даваабал, Л.Эрдэнэцэцэг, М.Дунгаамаа нараар ахлуулсан эмч нарын баг дотор, дүрс оношилгоо, эмэгтэйчүүд, амны хөндийн чиглэлээр үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгч ажиллалаа. Энэ үеэр давхардсан тоогоор 200 орчим иргэн төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдсан байна. Үүнээс гадна үсчин, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлж, спортын тэмцээн зохион байгуулсан гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн хавар хөдөөгийн иргэдийн санал бодлыг сонсох, эрүүл мэндийн болон төрийн байгууллагын зарим үйлчилгээг алслагдсан бүсэд амьдарч буй иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүх суманд “Нээлттэй Ховд” өдөрлөг зохион байгуулж, давхардсан тоогоор 20 мянга гаруй иргэнд хүрч үйлчилсэн. Тус ажил нь үр дүн сайн, бас хөдөөгийн иргэдэд хамгийн чухал, эрэлттэй байсан учраас ийнхүү зуслангийн айл өрхөд хүрч ажиллахаар болжээ.

"Зуслангийн нэг өдөр” үйл ажиллагаа нь  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” зорилтын дагуу өрнөж байгаагаараа онцлогтой. Дээрх үйл ажиллагаа өнөөдөр (2023.07.20) Дуут сумын “Хөх бэлчир” хэмээх газарт болно.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn