Дотоодын үйлдвэрлэл өргөжин, ажлын байр нэмэгдэж байна
“Шинэ Ховд бизнес инкубатор” төвд 10 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Улмаар аймгийн ЗДТГ-аас эдгээр байгууллагын ус, цахилгаан, ажлын байрны түрээсийг хөнгөлж, дэмжлэг үзүүлж байна.
ҮүнтэйхолбогдууланХовд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Гантулгаас тус ажлын үр дүн, цаг үеийн мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ:“Ховд аймаг “Өрхийн болон жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд “Үйлдвэрлэгч-Ховд” хөтөлбөрийг батлан, 2019-2022 онд үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Бид “Үйлдвэрлэгч-Ховд” хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор хуучнаар “Мянган угалзат” үйлчилгээний газрын байрыг бүрэн засварлаж, “Шинэ Ховд бизнес инкубатор төв” байгуулсан.
Одоогоор тус төвд эсгий гудас, эко гутал болон “Буянт үйлийн шим” хоршооны ажлын хувцасны үйлдвэр, “Тохируулгатай ажлын байр” буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөөлөн эдлэлийн оёдол, ажлын цагаан бээлий үйлдвэрлэл, гэрэл зургийн газар, дуу хөгжмийн студи, хэвлэлийн үйлчилгээ тус тус ажиллаж буй.
“Үйлдвэрлэгч-Ховд” хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 онд нийт 19 төсөлд 563.0 сая төгрөгийн зээл олгож, 200.0 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн. Ингэснээр шинээр 69 ажлын байр бий болж, аж ахуйн нэгжүүд 746.7 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн байна.
Тодруулбал, “Шинэ Ховд бизнес инкубатор төв” байгуулсны үр дүнд “Буянт үйлийн шим” хоршоо жилдээ 3.0 мянган хос ажлын хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай оёдлын үйлдвэр байгуулж, 12 хүнийг байнгын ажлын байраар хангав.
Мөн “Эко-гутал” ХХК-ийн гутлын үйлдвэр нь нийт 10 ажилтантай болсон. Улмаар ажлын гутал 1500 хос, хүүхдийн бойтог болон гоёлын 200, хромон гутал 100 ширхэг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлээд байна.
Үүнээс гадна тус төвд ажиллаж буй цагаан бээлийний үйлдвэр нь барилгын компани болон цементийн үйлдвэрийн ажилтнуудын хэрэгцээнд 500 хос бээлий нийлүүлжээ.
“Тохируулгатай ажлын байр” буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлэг нь морин хуур 10, модон таваг 30, цацал 20, нярай хүүхдийн өлгий даавуу, хувцас 150, сандлын бүрээс 45 ширхэгийг тус тус захиалгаар хийсэн.Мөн иргэн Н.Цагаач 120 ширхэг эсгий гудас үйлдвэрлэж, тус бүрийг 40.0 мянган төгрөгөөр борлуулсан байна.
Эндээс үзэхэд орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжсэнээр иргэдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг дотооддоо ханган ажиллах, цаашлаад үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж нээгдэж байна” гэлээ.