Даварсан малчид УИХ-ын гишүүдийг “миний малд өвс авчирсангүй, зайл” гэж загнаж байна

213

УИХ-ын гишүүд энэ сарын эхээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч хөдөө орон нутагт ажиллалаа. Хөдөөгүүр цагийн байдал хүнд, цас зудтай, хүйтэн салхитай байгаа учир өвс ногоо цухуйгаагүй, мал ихээр хорогдож буй тухай албан мэдээ өдөр болгон шахам сонсогдож байна.
Өвөлжилт хүндэрсэн, зудтай аймаг, сумд гэлтгүй хаа сайгүй л нөхцөл хүндэрч малчид малаа хэдэн зуугаар нь үхүүлж байна. Яг энэ үед нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тойрогтоо буюу Ховд аймагт очиж ажиллаж сумдаа тойров. Гэтэл Дуут суманд очтол нэгэн малчин эр түүнийг омогдон загнаж буй бичлэгийг бүгд харлаа. Тэр малчин малаа үхүүлсэн малчид уйлалдаж, даралт нь ихэсч сэтгэл санаа нь хүнд байгаа тухай ярьж “Та өвстэй ирсэн юм уу, халтар нүүрээ харуулах гэж Дуут суманд ирсэн юм уу, таны нүүрийг хараагүй хүн энд алга, яв” гэж байх юм. 2022 онд манай улс 70 сая мал тоолуулсан. Энэ 70 сая мал бол тэр чигээрээ малчдын хувийн өмч. Хувийн хөрөнгө нь цас зуданд үрэгдсэний төлөө төрөө төлөөлж, хуулийн төсөл танилцуулж явсан УИХ-ын гишүүнийг “Өвсгүй ирлээ, зайл” гэж байгаа нь буруу. Өөрийнхөө малын өвс тэжээлийг малчин нь өөрөө бэлдэх ёстой. Мал минь 200, 300-гаараа үхчихлээ гэж ярьцгааж байна. Өнгөрсөн намар нутаг орноос нь байдал хүндэрнэ, болбол малаа эдийн засгийн эргэлтэд оруулаарай гэж эвтэйхнээр уриалаад байсан даг. Эдийн засгийн эргэлтэд оруул гэдэг нь шууд утгаараа бол тарга тэвээрэгтэй, үнэд хүрч байгаа дээр нь эртхэн зар, мах комбинатад өг, тэгэхгүй бол зуднаар үхнэ шүү гэж эрсдэлийг тооцсон анхааруулга байсан шүү дээ. Цаг агаар муудна, хүндхэн өвөл болно, хавар хэцүүднэ гэдгийг бүр зунаас авахуулаад сануулж байсан ч малчид тоонд шүтдэгээрээ шүтсээр хариу ямар ч арга хэмжээ аваагүй, бэлтгэл ажил ч хийгээгүй нь энэ. Нэг ёсондоо малчид малдаа хэрхэн ханддагтаа дүнгээ тавиулчихлаа. Малчид алийн болгон ингэж хүнээр тэжээлгэх гээд байгаа юм бэ. Ямар ч бизнесмэн наймаа, бизнес нь алдагдалд ороод дампуураад ирэхээр “Чамаас л боллоо, надад яагаад мөнгө өгсөнгүй вэ” гэж УИХ-ын гишүүн ч юм уу, өөр хэн нэгнийг загнаж байсныг лав харсангүй ээ, өдий болтол.
Малчидтай нялуурч, очих болгондоо юм өгсөөр байгаад давраасны хар гай ингэж гарч байна. Сүүлдээ бүр төр төлөөлж яваа хүнийг “Миний малд түмний, татварын мөнгөөр өвс авчирч өгсөнгүй” гэж зандарч эхэллээ. Гэтэл ийм харилцаа, ингэж хэн нэгнийг загнах нь байх л ёстой энгийн үзэгдэл, байдаг л стандарт, хэм хэмжээ мэтээр олон түмэнд ойлгогдож, олон түмэн нь тэгж ярьж байгаа малчнаа өмөөрөх шинжтэй. “Гишүүн байж малчин дээр хоосон очоод байхдаа яадаг юм” гэж дэмжиж ч байх шиг. Ийм болтлоо бид нялуурч, баруун солгойгүй дэлүүрсэн байна. Ийм болтол нь малчдыг харж үзсэн байна аа, 2016 оноос хойш. МАН-ын төр барьж буй энэ найман жилд ард түмнийг ийм болгожээ.
Жинхэнэдээ бол наад мал чинь малчин таны л өмч, таны л мал. Наад малынхаа ашгийг та л хүртдэг. Ашгийг нь та УИХ-ын гишүүнээр дамжуулж ард түмэнд өгдөггүй биз дээ. Өөрөө л ашгаа хүртдэг болохоор та бүх хариуцлагаа өөрөө хүлээх ёстой. Гишүүнийг загнасан тэр малчин эрийг сошиал даяараа л эвий минь, хөөрхий минь, зөв хэллээ гэж байна. Ингэхээ больё оо, эвийлж, хөөрхийлөх биш энэ олон амьтны амийг өөрийн хариуцлагагүйгээс болж үхүүлсэн гэж шийтгэл оногдуулж, хариуцлага тооцдог болгох ёстой юм, угтаа. Таван хошуу мал бол бидэнтэй яг адил амьд амьтан. Халуун хошуут малынхаа амь амьдралыг малчин хүн сайн дураараа дааж авсан, би энийг маллана, би энийг өсгөнө, би ашиг шимийг нь хүртэнэ гэж. Ийм байтал яагаад жил болгон малаа олноор нь үхүүлчихээд хариуцлага хүлээдэггүй юм бэ. Өвс авчирсангүй гэж УИХ-ын гишүүнийг загнаж зогсохын оронд малчин өөрөө малаа тэжээгээд байж байх ёстой. Хариуцлагагүйгээсээ болж малаа олноор нь үхүүлдэг энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулдаг баймаар байна.
Орчин үед хүн төрөлхтөн илүү энэрэнгүй болж, амьтан хамгаалах тал дээр нэгддэг болсон. Нэг муурыг тарчлаасны төлөө амьтан хамгаалагчид, гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалдаг ТББ-ууд, хувь хүмүүс яаж тэмцсэнийг сана. Монгол Улс гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалдаг хуультай болж байна. Дэлхий дахины амьтныг хайрладаг, хамгаалдаг энэрэнгүй үйлс Монголд ч нэвтэрч байхад монгол малчин малаа жил болгон хэдэн зуугаар нь хөлдөөж, өлдөөж үхүүлж байгаа нь хүн төрөлхтний эсрэг, амьтны эсрэг үйлдэж буй гэмт хэрэг мөнөөс мөн болно. Малдаа өвс тэжээл хангалттай бэлтгээгүй, дулаан бууц хашаа, байр бариагүйнх нь төлөө, малаа жил болгон үхүүлдэг малчдыг амьтдыг тамлаж алсан хэргээр шийтгэдэг болох ёстой. Төр хатууд хатуу, зөөлөнд зөөлөн байдаг чанараа үүн дээр гарга.
Хэн нэгэн сошиалаар уйлж дуулангуут бүгд ханарч, эвийлж хөөрхийлцгөөдөг хөл толгой нь олдохгүй ийм нялуурсан амьдрал Монголыг хөгжүүлэхгүй байгаа юм аа. Малчин мал маллаж чадахгүй байвал, үхүүлээд байвал малаас бушуу холд. Чаддаг нь маллах хэрэгтэй. Угаас зах зээлийн зарчим нь ч энэ. Чаддаг нь, чадварлаг нь шигшигдэж үлддэг аль ч салбарт. Мал алаад байгаа нөхөр малаас холдох нь нөгөө талдаа илүү энэрэнгүй ч юм. Цаашид нүүдлийн мал аж ахуй явцгүй болсон гэдэг нь олон юман дээр харагдаж байна. Монгол Улсын бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрчихсэн. Худлаа гэвэл газраа хар. Улаан элгээрээ эргэж, тоос нь тэнгэрт тулж, шуурга нь тивийг бүрхэж байна. Зуны эхэн сар гарах гэж байхад газар улаанаараа эргээстэй. Ийм улаанаараа эргэсэн газар дээр эзнээ мянгат болгосон мал сүрэг чинь хамар хатгах өвсгүй юм чинь мянга мянгаараа, сая саяараа үхэхгүй өөр яах юм бэ.
Малдаа тэжээл бэлддэг, дулаан байр барьдаг гэдэг ойлголт манай малчдад ерөөсөө байдаггүй. Мал өсгөх гэж байгаа бол өвлийг өлхөн давчихдаг, үлдвэл дараа жил гээд нөөцлөх хэмжээний тэжээл, өвс бэлдэх хэрэгтэй шүү дээ. Эрсдэлийг тооцох ухаан малчдад байх ёстой. Тэжээлээ бэлдлээ гэхэд хөрөнгө мөнгө, цаг заваа заран байж бэлдсэн нөөцөө салхи, усанд идүүлээд хог болгоод хаячихдаг нь дийлэнх. Дээвэр хийж, чийгнээс хамгаалдаг битүү амбаар ч болтугай барьж өвсний нөөц бүрдүүлнэ гэдэг сөхөө ч байдаггүй нь үнэн. Өнөтэй ч бай, зудтай ч бай өвсөө хангалттай бэлдэж, нөөц нэмэгдүүлдэг хашир ухаан хэрэгтэй байна, малчдад. Сэтгэхүйдээ өөрчлөлт хийхгүй бол малчид аа, урагшлахгүй нь ээ, та нар.
Нөгөө талдаа малчдыг өрөвддөг хийсвэр хандлагаас нийгмээрээ татгалзах цаг нь болсон. Мал төрийн мэдэлд байдаг байсан социализмын үед хаврын тарчиг цагт малчдад нэмнээ оёж, лаа шүдэнз илүүчилдэг хуучирсан, намчирхсан үзэл суртлын үлдэгдэл нь нийгмийн зарим хэсгийнх нь тархинд үлдсэний гор ч байх. Нийгэм чинь өөрчлөгдөж, мал хувьд очоод 30 гаруй жил болж, малчид хэнээс ч шүдэнз гуйхааргүй бэлтэй, хувьдаа малтай хөрөнгөтэй хүмүүс болчихсон. Зөвхөн малчин ч гэлтгүй нийтээрээ ужгирсан энэ үзлээ тайлж хаяж, сэтгэхүйдээ өөрчлөлт хийж малчин гэхээр өрөвдүүлж юм нэхдэг, малчин харахаар худлаа эвийлдэг хуурамч зангаа татацгаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn